Шатахууны төлбөрөө төлөлгүй зугтсан залуус бусдын машины дугаарыг хулгайлсан байжээ  


Олон нийтийн сүлжээнд шатахууны төлбөрөө төлөлгүй зугтахыг завдаж буй этгээдүүдийг зогсоохоор түгээгч машины хамар дээр тэгнэн хэвтэж, зогсоохыг оролдож буй бичлэг цацагдсан. Энэ хэргийн эзэд 15 настай хүүхдүүд байжээ. Тэгвэл энэ нөхцөл байдлаас үүдэн, шатахуун түгээгч нар ажлаасаа гарч байгаа аж.

Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгийн мөрөөр бид нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Газ-Ойл” шатахуун түгээх станцыг зорилоо. Тус станц 6 түгээгчтэй. Гэвч үйлчлүүлэгч төлбөрөө төлөлгүй зугтсанаас болж, түгээгч нар ажилдаа ирээгүй. Мөн ажлаасаа гарахаа мэдэгджээ. “Газ-Ойл” ШТС-д харуул хамгаалалтын ажилтан байдаг. Гэхдээ 2-3 салбарын дунд ажилладаг байна.

ӨМНӨ НЬ НЭГ ЭТГЭЭД 120 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛӨЛГҮЙ ЗУГТСАН ТУЛ ЭНЭ УДААД ТҮГЭЭГЧ ЭРСДЭЛ ГАРГААД Ч ХАМААГҮЙ ЗОГСООХЫГ ОРОЛДЖЭЭ

Газ-Ойл” ШТС-д гарсан асуудлын талаар ажилтнуудын төлөөллөөс тодруулахад “7 дугаар сараас хойш ийм асуудал тасраагүй. Шатахууны төлбөрөө төлөөгүй зугтаасан 10 гаруй хүн бий. Бичлэгт гарч буй машинд 3 хүн байсан. Машиндаа 92 мянган төгрөгийн шатахуун авсан. Тухайн түгээгч амь нас, эрүүл мэндээ үл хайхран тэднийг зогсоох гэж машин дээр нь тэгнэн хэвтсэн. Учир нь тухайн түгээгч өмнө нь мөн л ийм тохиолдолтой таарч байсан. Нэг этгээд 120 мянган төгрөгийн шатахуун авчхаад, төлбөрөө төлөлгүй зугтсан юм. Тэр бүрийг түгээгчийн цалингаас суутгадаг. Тиймээс шөнө нойргүй хонож ажилласан хүн цалингаа алдахыг хүсэхгүй. Иймд эрсдэл гаргаад ч хамаагүй тухайн этгээдүүдийг зогсоохыг оролдсон байгаа юм. Түгээгчийн эр зоригийг үнэлж, байгууллагаас урамшуулсан.

Бид цагдаагийн байгууллагад хэд хоногийн өмнө мөн шатахууны төлбөрөө төлөлгүй зугтсан талаар мэдээлэл өгсөн ч хариуцлага тооцохгүй байна. Учир нь мөнгөн дүн нь бага гэж үздэг. Хариуцлага тооцоогүйгээс энэ байдал газар авч байгаа” гэлээ. Тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд хаа нэг газраас машины дугаар хулгайлж ашигладаг гэдгийг шатахуун түгээгч нар онцоллоо.

15-17 НАСТАЙ ХҮҮХДҮҮД МАШИН ЖОЛООДОН, ШАТАХУУНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨЛГҮЙ ЗУГТААЖ БАЙНА

Энэ асуудлын талаар бусад шатахуун түгээгч нар дараах байр суурийг илэрхийллээ

“Сод Монгол” штс-д түгээгчээр ажилладаг 26 насны эмэгтэй “Шатахуун аваад төлбөрөө төлдөггүй зугтаадаг асуудал долоо хоногт 1-2 гардаг. цагдаагийн байгууллагад хандахаар хэрэг шийдвэрлэлт удаан байдаг. Саяхан “Аква” маркийн машинтай этгээд 100 мянган төгрөгт шатахуун авсан. “Бэлэн мөнгө байхгүй. Онлайнаар төлөх боломжгүй” гэхээр нь “Карт уншигчаа аваад ирье” гээд эргэтэл зугтаачихсан. Төлбөрөө төлдөггүй зугтдаг жолооч нар ихэвчлэн 18-22 настай харагддаг.

Цагдаад хандахаар “Шалгаж байгаа” гээд маш удаан юм билээ. Аль болох улсын дугаарыг нь сайн тогтоож авдаг ч нэмэргүй. Өөр дугаар ашиглаад, явж байдаг юм байна лээ. Иймд бид жолооч нарыг аль болох камертай хэсэгтээ зогсоож, шатахуун өгдөг болсон” гэж ярилаа.

“Тэс” ШТС-ын түгээгч…

Саяхан 30 мянган төгрөгөөр шатахууун авчихаад картаа уншуулалгүй зугтсан хүн бий. Автотээврийн үндэсний төв рүү залгаад, нөхцөл байдлаа хэлээд “Энэ хүнтэй холбоод өгөөч” гэхээр “Боломжгүй” гэдэг.” Гэж ярилаа.

Энэ мэтчилэн түгээгч нар нэг шөнийн нойроо хугасалж, амьдралын төлөө зүтгэчхээд, амар хялбар аргаар амьдрах гэсэн этгээдүүдийн балгаар цалингаа бүрэн авч чаддаггүй. Цаашлаад “Аминд халтай” гээд түгээгч хийхээс зугтаахад хүргэж буй.  

Төлбөрөө төлөлгүй зугтсан жолооч нарыг цагдаа, прокурорын байгууллага шалгадаггүй, хэрэг гэж үздэггүй гэх мэдээллийг ШТС-уудын ажилчид хэлсэн. Шалтгааныг ньЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбаяраас тодруулахад, “Тухайн хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух 15 настай Ш.Х, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Б.С нар үйлдсэн. Тэд авто зогсоолоос хүний машины улсын дугаар хулгайлж, машиндаа зүүгээд, банкаа дүүргэн зугтаадаг. Олон удаа ийм хэрэг хийснийг тогтоосон. Шатахууны төлбөрөө төлөлгүй зугтаасан өдрөө тэд СU сүлжээ дэлгүүрийн кассчинд хутга тулган, айлган сүрдүүлж 500 мянган төгрөг дээрэмдсэн байж болзошгүй байгаа. Шатахууны төлбөрөө төлөлгүй зугтвал Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар хорих эсвэл торгох ялаар шийтгэнэ. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл тул заавал хариуцлага хүлээлгэдэг” гэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *