Энэтхэгт үйлдвэрлэсэн, ханиадны 3 янзын сиропоос хүнийг үхүүлэх хор илэрчээ


Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, ханиад томуу эмчлэх зориулалттай 3 төрлийн сироп хэлбэрийн эмэнд хүний эрүүл мэндэд аюултай хорт бодис байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлалаа. “Sresan Pharmaceutical”, “Rednex Pharmaceuticals”, “Shape Pharma” компанид үйлдвэрлэсэн “COLDRIF”, “Respifresh TR”, “ReLife” гэдэг нэртэй сиропноос диэтиленгликоль (DEG) гэдэг хорт бодис илэрсэн тухай Энэтхэгийн Эмийн стандартын хяналтын төв байгууллага (CDSCO) 10 дугаар сарын 8-нд ДЭМБ-д мэдээлжээ. Эдгээр сиропыг ханиад, ханиалга, томуугийн шинж тэмдгийг эмчлэх зорилгоор өргөнөөр хэрэглэдэг юм байна.

“Энэтхэгт хүүхдүүдийн дунд гарсан хурц өвчин, нас баралтын талаарх мэдээллийг энэ оны 9 дүгээр сарын 30-нд хүлээн авсны дараа CDSCO-ийн мэдэгдэл ирсэн” гэж ДЭМБ-ын мэдээлэлд дурджээ. Дээрх эмийг үйлдвэрлэдэг 3 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, уг 3 эмийг худалдаанаас татан авсан байна.

Эдгээр сиропыг гадаадад экспортлоогүй гэж Энэтхэгийн тал баталсан байна. Гэсэн ч улс орнууд эмийн сан, эмийн зах зээлээ шалгахыг ДЭМБ зөвлөв. Ялангуяа албан бус, хяналтгүй худалдааны сувгууд, цахимаар эм худалддаг хувь хүмүүсийг нухацтай шалгахыг уриалжээ. Учир нь эмийг нууцаар зарах эрсдэл маш өндөр гэдгийг анхаарууллаа.

“Эдгээр сироп өвчтөний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, үхэлд хүргэж болзошгүй. Диэтиленгликоль бол хүний биед хортой нэгдэл. Үүнийг хэрэглэвэл үхэх ч аюултай” гэж ДЭМБ анхааруулгад онцолжээ. Диэтиленгликоль агуулсан эм уувал хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, толгой өвдөх, ухаан алдах, бөөрний цочмог дутагдалд орох зэрэг шинж тэмдэг илэрч, хүнд хэлбэрийн хордлого үүсгэдэг юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *