Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш буюу энэ 16-нд ихэнх нутгаар, энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэл байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Харин өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8 аас +13 градус, бусад нутгаар -3 аас +2 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.