Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулах гэж байна


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн, дэмжсэнгүй. 22 гишүүн санал хураалтад оролцсоноос Ерөнхий сайдыг огцруулахыг 3 гишүүн дэмжиж, 19 гишүүн дэмжихгүй гэсэн санал өгөв. Одоо УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж, шийднэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талын гишүүдийн тоо чуулганаар Г.Занданшатарыг огцруулахад хүрэхгүй байгаа аж. Тиймээс “Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье” гэсэн томьёоллоор чуулган дээр санал хураахаар зэхэж байгаа бололтой.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нарын гишүүд өнөөдөр /2025.10.16/ энэ талаар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

-Огцруулъя гэж байсан гишүүд маань гэнэт ТББХ-нд огцруулахгүй гэдэг санал өгч гайхашрууллаа. Үүнийг тодруулж, хуралдаан даргалагчаас ямар дэгээр Засгийн газрын саналыг хэлэлцэх гэж байна вэ гэж асуух гэсэн боловч горимын санал хүлээж авсангүй. Тиймээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай уулзсан. Дэд даргаас Ерөнхий сайдыг огцруулах эсэх саналыг ямар томьёоллоор хураах вэ гэдгийг асуухад “Байнгын хорооноос гаргасан томьёоллоор санал хураана” гэж хэлж байна. Хэрвээ ингэвэл Үндсэн хууль зөрчинө шүү гэдгийг бид хэлсэн. Гэтэл “Бид мэдэж байгаа” гэж хэллээ.

Үндсэн хуулийн бус замаар, хууль зөрчиж, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. Тийм учраас энийг олон нийтэд мэдээлж байна.

Үндсэн хуулийн 43.1 хэсэгт “УИХ-ын гишүүдийн 1/4 доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол огцрох ёстой. Хоёрт, уг саналыг гэдэг маань Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулах ёстой юм. Үндсэн хуульд ингэж заасан байдаг. Дэгийн тухай хуульд ч мөн адил буюу энэ хуулийн 101.4 зүйлд “УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй” гэж заасан байдаг.

Байнгын хороон дээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн томьёоллоор санал хураалгаж, УИХ гишүүдийн хуультай танилцах боломжийг хааж байгаад, дээрээс нь кнопондоо хүрэхгүй байдлаар Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар унагаах гэж байна. Энийг ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир өөрийнхөө эс үйлдлээрээ харууллаа. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа албан ёсоор “Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулна” гэж хэллээ.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүдийн олонх дэмжсэн бол Засгийн газар огцорно. Гэтэл чуулганаар санал хураахдаа Ерөнхий сайдыг огцрохыг дэмжээгүй саналыг 50+1 дэмжээд өгөөч гээд гадаадаар зугаалуулдаг, ирцэнд оруулдаггүй, байхгүй хүмүүс тооцогдохгүй гэсэн үг. Нийт гишүүдийн олонх 50+1 огцруулахыг дэмжвэл огцорно. Гэтэл  нийт гишүүдийн олонх дэмжээгүйг дэмжье гэж хэлбэл Засгийн газар үлдэнэ гэдэг чинь Үндсэн хууль зөрчинө. Үнэхээр увайгүй үйлдэл гаргаж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл учраас УИХ-ын 38 гишүүн өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцохгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *