Өвөл хаяанд ирлээ. Өдийд энэ жил дотоодын гурилын хэрэгцээг хангах эсэх талаарх мэдээгээр шуугилдаж байдаг сан. Нам жим байна. Өргөн хэрэглээний барааны жин дарах гол нэрийн бүтээгдэхүүн гурилын хангамж энэ жил ямархуу байгаа бол?
Манай улсад 1400 гаруй тариаланч жил бүр тогтмол 390 мянган га талбайд үр тариа тарьдаг. Дотоодын хүнсний улаанбуудайн хэрэгцээг хангахад жилдээ 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай.
Энэ жил Хөдөө аж ахуйн корпорац хүнсний улаанбуудайг чанараас нь хамаарч тонныг нь 1.000.000-1.320.000 төгрөгөөр авч байна. Өөрийн харьяаны 6 агуулахаар урьдчилан гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээс нэг их үнэрхэхгүй, хог хольц, хувийн жин гэсэн хэдхэн үзүүлэлтийг маш хөнгөн байдлаар шинжлэн авч байгаагаа тэд дуулгалаа.
Манай улсад 1400 гаруй тариаланч жил бүр тогтмол 390 мянган га талбайд үр тариа тарьдаг. Дотоодын хүнсний улаанбуудайн хэрэгцээг хангахад жилдээ 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай.
Тариалангийн төв бүсэд энэ жил гандуу, нийт нутгаар хуурайшилт ихтэй, ургац хураалт удааширсан. Намрын налгар өдрүүд тийм ч удаан үргэлжлэлгүй, нийт нутгаар цас дарав. Өнөөдрийн байдлаар зургаан салбарт хүнсний 765,000 тонн улаанбуудай нөөцөлжээ. Хөдөө аж ахуйн бизнес үйл ажиллагааны хэлтсийн дарга Ч.Чинзориг “Компанийн бизнес төлөвлөгөөнд 23,500 тонн улаанбуудай авахаар төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар (аравдугаар сарын 2) 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жилийн тухайд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж, урьдчилан захиалга өгсөн, гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээс буудай худалдан авч байгаа. Гэрээний урьдчилгаа болгож, үнийн 20 хувийг нь өгсөн. Үлдсэн мөнгийг ондоо багтаан төлж барагдуулна” гэлээ.
Монгол Улсын дотоодын нийт гурилын хэрэгцээ 240 мянган тонн. Үүний 45 хувийг нийслэл, 55 хувийг орон нутгийн иргэд хэрэглэдэг. Ургац хураалт, улаанбуудайн нөөц бүрдүүлэлтээс гадна гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь гурилтай байгаа эсэхэд их нөлөөлдөг.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд байгаа гурилын 30 орчим үйлдвэр нийтдээ 1 сая 50 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Гэвч Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор “Дархан гурил тэжээл”, “Эрдэнэт фүүдс”, “Өсөг гурил, “Гацуурт” компани зэрэг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, 9 үйлдвэр тогтвортой ажиллаж байна.
Гэхдээ өмнөх жилүүдэд дотоодын гурилын үйлдвэрүүд хэрэглээний 99 хувийг хангаж байсан бол тус хуулиас шалтгаалан 2024 онд 68 хувь болж буурсан байдаг. Үлдсэн 32 хувийг импортын гурил эзэлжээ. Үүний улмаас 96.3 тэрбум төгрөгийн гурил импортоллоо. Дотоодын тариалалт 95.5 мянган га-гаар буурсан талаар Засгийн газрын тэргүүн Г.Занданшатарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тайлбарлав.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор “Дархан гурил тэжээл”, “Эрдэнэт фүүдс”, “Өсөг гурил, “Гацуурт” компани зэрэг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, 9 үйлдвэр тогтвортой ажиллаж байна.
Бас нэг шинэ тутам мэдээ бол гурил үйлдвэрлэгчид баруун бүсийн аймгуудын гурилын хэрэгцээг шинэ ургацын буудайн гурилаар хангах юм. Өнгөрсөн 7 дугаар сард ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчидтэй уулзахдаа УИХ-ын 60-р тогтоолыг хэрэгжүүлэх асуудлаар гурил үйлдвэрлэгчид болон ХХААХҮЯ хамтран ажиллахаар зөвшилцөж, баруун таван аймгийн иргэдийг дотоодын гурилаар хангах, тээврийн зардлыг бууруулан, хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр өргөн хэрэглээний гурил нийлүүлэхээр тохиролцсон байдаг.
Борлуулалтын цэгийн тоог нэмэх, хүртээмжийг сайжруулах, нэгдүгээр гурилын үнийг тогтвортой барих, тээвэрлэлтийн зардал шингээлгүй баруун бүсийн аймгуудад үйлдвэрийн үнээр нийлүүлэх асуудал юм. Энэ тохиролцоо мэдээж улаанбуудайн нийлүүлэлт хангалттай, нөөц арвин үед л хэрэгжих нь гарцаагүй.
Ургац хураалт удааширсан, 10 дугаар сарын эхэн гэхэд нөөцлөх улаанбуудайнхаа дөнгөж 30 хувийг бүрдүүлсэн.
Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн иргэд жилд 25,000 тонн гурил хэрэглэдэг гэсэн статистик байна. Ингэхийн тулд гурил үйлдвэрлэгчид сар бүр шинэ ургацын буудайн 2,000 тонн гурилыг баруун таван аймагт тогтмол нийлүүлж байж шийднэ.
Ургац хураалт удааширсан, 10 дугаар сарын эхэн гэхэд нөөцлөх улаанбуудайнхаа дөнгөж 30 хувийг бүрдүүлсэн байсан болохоор гурилын үнэ тогтвортой байж, ядаж түрүү жилийнхээс буурахгүй хэрэгцээгээ хангах арга чарга үлдсэн эсэх эргэлзээтэй. Хаврын зутруу цагаар гурилгүй хэцүүдэж, инфляц хөөрөгдсөн үед хэдүүлээ яана даа.
