Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын улстөрийн уран мэх


Тос дотроосоо өтдөгийг МАН нотолж байна. Бусдын оролцоогүйгээр өөрсдөө засгаа унагаж, унагах гэж оролдож байгаа нь анх удаа биш. Гэхдээ урд урдынхаас улам уран гоё нүүдэл хийж, нэг нэгэндээ сөхөө өгөлгүй довтлох нь урамтай юм гээч. Ийм уран тоглолт үзээгүй уджээ, монголчууд. Нэг хүний үгээр явдаг, даргын үг дүрэм байдаг, ярсхийтэл гар өргөдөг, коммунист маягийн нам дотор ийм уран тоглолт өрнөж, үзэгчдийг шуугиулж байна гэдэг зүүдэнд ч оромгүй явдал. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр хоёулаа яггүй улстөрч гэдгээ харуулж, уран мэхийг угсруулан хийж байна. Улстөрийн аваргуудын өрсөлдөөн үзүүштэй байна.

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх хэрэгт холбогдуулан 2017.09.07-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахад, УИХ-ын дарга нь М.Энхболд байлаа. “Гишүүд анхааралтай байх хэрэгтэй. Байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураая” гэж М.Энхболдыг сануулан, санал хураахад 73 гишүүний 31 нь дэмжсэн, 42 нь дэмжихгүй гэсэн санал өгч, Ж.Эрдэнэбатыг огцруулсан юм. Ж.Эрдэнэбатыг ийн үдэж явуулсан М.Энхболдод чуулганы танхимын хаалгыг гаднаас нь хаах ээлж жил гаруйн дараа ирсэн дээ.  

“Гишүүд анхааралтай байх хэрэгтэй” гэсэн үгийг М.Энхболд зүгээр хэлээгүй. Энэ бол юу болохыг, ямар томьёоллоор санал хурааж байгаагаа мэдэж, тооцсон хүний үг. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ажиллаж байсан Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нарын нөхөд одоо Г.Занданшатарын Засгийн газарт байж байна. Энэ удаад тэд түүх давтагдаж байгааг анзаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө тэд ийм юм болохыг мэдсэн. Д.Амарбаясгалангийн талынхан санал хураалтын томьёолол дээр тоглох гэж байгааг таамагласан.

Тэгэхээр нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа энэ удаад эсрэг талаа хуурах гэж оролдов. Тэр ТББХ-ны шийдвэр яаж гарах нь хамаагүй. Түүнийг чуулганаар санал хураахдаа ашиглахгүй гэсэн ойлголт өгч, байнгын хороог хуралдууллаа. Одоо болохоор “Би буруу ойлгосон байна лээ” гэсэн юм яриад явж байна. Бөхчүүдийн хэрэглэдэг ам мэхийг улстөрчид хэрэглэж байгаа нь энэ.

Түүний ам мэхэнд нөгөөдүүл нь унасан гэх нь хаашаа юм. Ямартаа ч байнгын хорооны хурлаа үргэлжлүүлж, 22 гишүүн санал хураалтад оролцсоноос Ерөнхий сайдыг огцруулахыг АН-ын 3 гишүүн дэмжиж, Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа нарын 19 гишүүн дэмжээгүй. Огцруулъя гээд байсан хүнээ огцруулахгүй гэсэн санал өгсөн. Үүний шалтгаан нь 5 алхалгүй тодорлоо.

Бөхчүүдийн хэрэглэдэг ам мэхийг улстөрчид хэрэглэж байгаа нь энэ

Х.Булгантуяа чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжье” хэмээн санал хураахаар төлөвлөжээ. Энэ томьёоллоор санал хураавал “Дэмжье” гэсэн санал өгөх 64 гишүүн Г.Занданшатарт хэрэгтэй. Д.Амарбаясгаланг огцруулах бичигт гарын үсэг зурсан 67 гишүүн түүнд бий. Гэхдээ тэдний 9 нь 2 талд гарын үсэг зурсан, АН-ын найдваргүй нөхөд. “Томилсон Ерөнхий сайдаа МАН огцруулъя гэж байгаа бол дэмжье” гэсэн байр суурьтай гишүүд. Түүний танхимд Шадар сайдын сэнтийд заларч буй С.Амарсайхан хүртэл эсрэг зогсож байхад АН-ынхан аргагүй л дээ.

Аль ч бичигт гарын үсэг зураагүй 14 гишүүн байгаа. УИХ-ын 10 гишүүн Ерөнхийлөгчийг дагаад Энэтхэг явсан бол өчигдөр 3 гишүүн эмнэлгийн чөлөөтэй байв. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 49 гишүүн ирж, ирцээ бүртгүүлсэн бол 64 гишүүн таслав. Хэр олон гишүүн тасалсан, чөлөөтэй, өвчтэй, томилолттой байна, тэр тусмаа Д.Амарбаясгаланд ашигтай, Г.Занданшатарт хохиролтой.

Чуулганд ирсэн 49 гишүүний 38 нь Г.Занданшатарын талынхан. Тэд жулдах учир, бас хууль зөрчихгүй, дараа нь маргаан гаргахгүйн тулд чуулганд суухаас татгалзаж, Үндсэн хуулийн цэцэд хандав. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.3-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна” гэж заасан. Үүнийг хуульчид “Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж сонсгоно. Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахгүй. Үндсэн хууль, Дэгийн хуульд заасан тодорхой томьёолол буюу “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх” гэдгээр санал хурааж, УИХ-ын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж тайлбарлав.

Д.Амарбаясгалан өөрөө УИХ-ын чуулганыг даргалж, эргүүлэн татагдахгүйн тулд Х.Булгантуяагийн гараар могой бариулж байна

Хэрэв байнгын хорооны саналыг дэмжинэ, дэмжихгүй гэж санал хураавал Үндсэн хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчих юм байна. Д.Амарбаясгалан өөрөө УИХ-ын чуулганыг даргалж, эргүүлэн татагдахгүйн тулд Х.Булгантуяагийн гараар могой бариулж байна. Хуулиа дээдлэн, хууль тогтоох үүрэгтэй инститүц нь Үндсэн хууль зөрчвөл хууль тогтоох чадамжгүйд тооцогдоно. Тэгвэл УИХ-ыг Ерөнхийлөгч тараах санал гаргах боломжтой.

Нөгөө талаас УИХ-ын уг тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих, ҮХЦ-д маргаан үүсгэх, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар оролдлоо гэсэн шуугиан дэгдэх зэрэг эрсдэл их. Адгийн зарга 10 хоног үргэлжилдэг юм чинь парламентын зарга бүрэн эрхийнхээ хугацааг дуустал үргэлжилбэл яана. Тэгвэл жинхэнэ төрийн хямрал нүүрлэнэ. УИХ-ын дарга нь хувийн эрх ашиг, албан тушаалын төлөө Монголын парламентыг ийм аюул руу түлхэж байгаа нь аймшиг. Танагтай дээр нь гишүүд ҮХЦ-д хандаж байгаа нь түмэн зөв.

Одоо Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр жингийн туухай болоод, жинлүүр дээр тавигдлаа

АН-ын оройхон гаргасан нэгэн мэдэгдэл Д.Амарбаясгаланг өөрөө өргөдлөө өгөхөд түлхэц үзүүллээ. Хоёуланг нь огцруулах тухай чуулганаар ар араас нь дараалан хэлэлцвэл АН-ын гишүүд чуулганд сууна, үгүй бол суухгүй гэсэн нь жингийн туухайг тэнцүүлж өглөө. Одоо Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр жингийн туухай болоод, жинлүүр дээр тавигдлаа. Аль талд нь өөрийн туухайгаа тавихаа УИХ-ын гишүүд өнөөдөр шийднэ. Гэхдээ Д.Амарбаясгалан ТББХ-нд огцрох саналаа хэлэлцүүлэхдээ асуулт асуухгүй байх хүсэлт гаргасан нь наанаа цаг хэмнэсэн мэт боловч цаанаа элдэв асуултад ороогдохгүй, муугаа сөхүүлэхгүй байх гэсэн арга байлаа.

Д.Амарбаясгалан бол хоёулаа огцрох хүсэлтэй. Тэгээд МАН-ын дарга болно. Намын дарга Ерөнхий сайд болох дүрэмтэй гээд гэдийчихнэ. Ийм нүүдэл хийж, Г.Занданшатарыг зайлуулна. Г. Занданшатар харин Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын суудлаас буулгаад, намын даргын тамгыг авах төлөвлөгөөтэй. Ингэвэл энэ тоглоомонд Г.Занданшатар хожиж, Д.Амарбаясгалан спикерийн ч, намын даргын ч тамгагүй хоцорно. Бүр юу ч үгүй хоосон хоцорно.
Тоглоом яаж дуусахыг харж л байя. Улам сонирхолтой болоод л байна шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *