УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар маргаан үүсгэлээ. Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн маргаан үүсгэжээ. Үүнийг Үндсэн хуулийн цэц хүлээн авч, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж байгаагаа өнөөдөр мэдээллээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэж хуульчилсан байна.
Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан байна.
