П.Сайнзориг: УИХ-ын тогтоолоос өмнө буюу гараагүй шийдвэр дээр цэц маргаан үүсгэсэн


Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж, Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байгаа билээ. Үүнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Туйлын харамсалтай зүйл цэц дээр өрнөж байна. Цэц хараат бус байх ёстой. Гэтэл эргэлзээтэй харагдаж байна. Ерөнхий сайдын хүсэлтээр УИХ-ын тодорхой шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цэц хэлэлцэж болно. Гэхдээ энэ шийдвэр нь албан ёсоор гарах ёстой. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолыг 2025.10.17-нд УИХ гаргасан байхад, гараагүй шийдвэр дээр 2025.10.16-нд буюу нэг хоногийн өмнө маргаан үүсгэсэн. Урьдчилаад нөлөөнд орж, асуудлыг шийдэх байдал үүсэж байгаа гэж ойлгох уу?
Байнгын хорооны шийдвэрийг цэц хянахгүй. УИХ-ын шийдвэрийг л хянана. Үүнээс гадна цэц гуравхан хоногт дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг нь УИХ хүлээж аваагүй бол цэц их суудлаараа хэлэлцэх хуультай. Гэтэл ямар зорилгоор дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шууд их суудлын хуралдаанаар оруулж байгаа юм бэ? Цэцийн дээр хөх тэнгэр байдаггүй шүү. Цэцийн дээр Үндсэн хууль байдаг. Үндсэн хуулийг барьж ажиллах ёстой цэц маань Үндсэн хууль зөрчиж байна.
Дээрээс нь маргаан үүсгэсэн цэцийн гишүүн О.Мөнхсайхан өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ хүн цэцийн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Г.Занданшатар даргатай гэрээгээр ажиллаж, тайлбар бичиж байсан хүн.
Нэг асуудалд Ерөнхийлөгчийн болон цэцийн шийдвэр зэрэг гарлаа. Цэц нь УИХ-ын шийдвэр албажаагүй байхад яаруу сандруу маргаан үүсгэлээ. Дээрээс нь дунд суудлынхаа хуралдааныг алгасаж, их суудлын хуралдаанаа зарлалаа. Бэлтгэл ажлыг гуравхан хоногт хийлээ. Дайн болон онц байдал зарласан шийдвэр гаргасан тохиолдолд цэцийн хуралдааныг гурав хоногт бэлддэг. Бусад асуудлын хувьд талуудад тайлбар өгөх хугацаа олгодог.
УИХ-ын зүгээс тайлбар шаардахгүйгээр цэц өөрөө хуулиа зөрчлөө. Ерөнхий сайдын асуудлыг дайн байлдааны хэмжээнд авч үзэж байна. УИХ хамтын шийдвэр гаргадаг байгууллага. УИХ хамтын шийдвэр гаргасныхаа төлөө хэн нэгнийг буруутгаж болохгүй.
Ерөнхийлөгч хориг тавьж болно. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга буюу төрийн тусгай албан хаагч тайлбар хийгээд зогсож байж болох юм уу? Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Хоригийг хэлэлцээгүй байхад цэц маргаан үүсгээд, хүч түрээд явж байна” гэж тайлбар хийлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *