Эвий минь ажил хаяв уу, энэ сарын зээлийг чинь төлье гэх чөтгөр ч олдохгүй


“Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй” гэж. МАН-ын даргын сунгаанаас эхэлсэн улстөрчдийн зодоон улс орныг хямрал руу түлхсэн үйл явдал болох вий гэсэн болгоомжлол нийгэмд тархлаа. Багш нар цалингаа нэмүүлэхээр хугацаагүй ажил хаялт зарлаж, араас нь эмч нар Төв талбайд жагссан. Тэд харин ажил хаяагүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд геологичид цалингаа голж, тайван жагсаал хийлээ. Цалингийн реформ шаардсан тайван жагсаал цаашдаа хэрхэн өрнөхийг таахад эрт байна.

Багш нарын ажил хаялт өнгөрсөн 7 хоногийн дөрөв дэх өдрөөс эхэлсэн. Хугацаагүй ажил хаялт бие даалтын 7 хоногийг дамжин цаашид үргэлжилнэ хэмээн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгдэж байна.

Багш нарын үндсэн цалинг шууд 3,5 сая төгрөг болгох боломж Монгол Улсад байхгүй. Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая” гэж мэдэгдсэн. Гэхдээ багш нар энэ мэдэгдлийг үл тоон, ажил хаялтаа үргэлжлүүлж байна. Тэдний шаардлага үндсэн цалингаа шууд 3,5 сая болгох. Энэ бол 15-20 хувь биш, 140 хувь нэмэхийг шаардаж буй хэрэг юм.

Өрнөөс өрний хооронд ажиллаж, амьдарч байгаагаа багш нар дуулгав. Үнэхээр ч тэгж байгаа нь үнэн. Зах зээлийн харилцаат эдийн засагтай ихэнх оронд хэрэглээний зээл байдаг л зүйл. Гэхдээ үүнийгээ цалингаараа дараад, үлдсэнээр нь боломжийн амьдрах нөхцөл бий болгохыг тэд шаардаж байгаа. Шаардлага зөв ч цагаа олсонгүй.

Энэ шаардлагыг Засгийн газар биелүүлэхээр зүтгэвэл юу болохыг бодож үзэж байгаа Үйлдвэрчний эвлэл, багш, эмч одоогоор алга. Үгүй дээ л багш нартаа нэгдсэн ойлголт өгч, тэднийг хоосон лоозон бариулж, ажлынх нь байранд суулгаж, зураг даруулахгүй байх байлаа. Нэгдсэн тооцоо, судалгаа гаргаж тавьж байгаа хүн ч алга.

Цалин нэмэхийн тулд мөнгө хэвлэнэ. Эсвэл гадаадаас зээл тусламж авлаа гэж бодъё. Үр дүнд нь төгрөг үнэгүйдэж, 3.5 сая төгрөг аанай л амьдралд хүрэлцэхгүй болно. Хөлд нь бусад салбарынхан чирэгдэж, утгаараа хямрал ужгирах биз.

Багш нарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тухай эмзэг сэдвийг далимдуулан, улс төрийн ашиг хонжоо хайгчид ар хударгаар нь хор найруулж, ханцуй дотроо сэм хуйвалдаж яваа юм биш биз гэсэн хардлага давхар тархаж байна. Багш нарын цалин гэнэт энэ жил л ийм бага болчихсон юм биш. Цалингийн шатлалын бүхий л хугацаанд дундаж цалинд хэзээ ч хүрч байгаагүй. Үүнийгээ баш нар гэнэт сая л мэдэж байгаа юм биш.

Яг улс төрийн зодоон ширүүссэн үед гэнэт ингэж орон даяар хүүхдүүдээ асран хамгаалагчийг нь дуудан ирүүлж, гар хөлийн үсэг зуруулан байж, гэрт нь тарааж орхиод ажил хаяхын учир юу вэ? Зунжингаа, намаржингаа жагсах боломж байсан уу гэвэл тийм. Яагаад?

Төв талбайдаа дулаан хувцаслаж ирээд, өөрсдийнхөө төлөө дуугарах багш нарыг бид хүлээж байв. Даанч асран хамгаалагч нарыг дуудаж авчран, гар хөлийн үсэг зуруулчхаад, анги танхимдаа А4 цаасан дээр бичсэн лоозон барьж суухыг жагсаал гэхэд хэцүү л юм.

Нэг багшид оногдох хүүхдийн тоо дэндүү олон. 50-60 хүүхдэд хичээл заах багш хэр их хөдөлмөр, хөлс зарцуулж байгааг хэлэх илүүц. Сургуулийн хүрэлцээ муу. Хүүхдүүд одоо болтол сурах бичгээр бүрэн хангагдаагүй л байна. Ийм бодит зүйлсээ шаардах учиртай юм уг нь.

Хамгийн наад зах нь та бүхэн бүгд нийлээд, улс төрийн эмх замбараагүй байдлыг өөрчлөхийг шаардаж болно. Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрт ашигтайгаар яаж ч тайлбарлаж, хэрэглэж байгааг бид бэлхнээ харж байна. Үнэндээ улс төрийн хэт замбараагүй байдалд Та нарын жагсаал хав дарагдана. Засаг солигдлоо гэхэд шийдвэр гарахгүй дор хаяж сар, бүр он дамжиж ч магадгүй. Тэр болтол та нар минь ажил хаясаар л байх уу?

Цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаяж болох ч улс төрийн ашиг хонжоо хайгчдын гар хөлийн үзүүрт гүйж байгаагаа бодож үзээсэй. Ажил хаялт зарласан нэртэй, ангидаа оромдож суухдаа цалингаа авах уу? Ажил хийгээгүй хүнд цалин өгдөггүй хуультай улс, манайх.

“Эвий минь багш нар ажил хаясан шүү. Энэ сарынх нь зээлийн хүүг би төлчихье” гэх хүн байтугай чөтгөр ч олдохгүй. Багш нарыг ажил хаялтад турхирсан, сайдын суудлаар та бүхнийг худалдсан нөхөр “Дараагийн Засгийн газар хурдан байгуулагдаасай” хэмээн залбирч, сайдын суудлаа л зүүдэлнэ. Түүний хөлд багш та цалингүй, ажилчин би хүүхдээ хараад ажилгүй, ажилгүйгээсээ болоод бас л цалингүй хохирч байна даа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *