Г.Занданшатарын захыг “Иргэн” Д.Ламжав, Х.Булгантуяагийн захыг Д.Амарбаясгалан мушгина


Сэцэн ухаанаа уралдуулах учиртай байгууллагаа манай улс мэргэн харваачийг нэрлэдэг үгээр Үндсэн хуулийн цэц гээд нэрлэчихсэн. Буруу нэртэй энэ байгууллага Үндсэн хуулийн манаанд зогсоод 33 жил болж байгаа ч монголчууд юу хийдгийг нь нэг их мэддэггүй. Дархан цаазат Богдхан уулын хойд хормойд, хатан Туулын хөвөөнд сайхан цагаан байшинтай л болсон. Энэ цагаан байшин одоо л олны анхаарлыг татаж, эндээс маргааш ямар шийдвэр гарахыг зон олон чих тавин чагнах нь.

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. ҮХЦ-д иргэд өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй бол  Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурор хүсэлт гаргах эрхтэй. Тэгэхээр Г.Занданшатарын дээлийн захыг “Иргэн” хэмээн Д.Ламжав, Х.Булгантуяагийн дээлийн захыг Д.Амарбаясгалан мушгиж, маргааш ҮХЦ-д мэтгэлцэх нь.

Иргэдийн өргөдлийг хэлэлцэх гэж хэдэн сар болдог, өргөдөл гаргасан эзэн нь өөрөө мартчихсан явахад нь арайхийж хэлэлцдэг энэ байгууллага Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурорын хүсэлтийг тэр даруй хүлээн авч хянан шийдвэрлэдэг. Гэвч шуурхайллаа шуурхайллаа гээд Х.Булгантуяаг гүйцсэнгүй. Түүнийг даалгавраа бүрэн хийж, Засгийн газрыг огцруулснаас хойш 5 хоногийн дараа, Г.Занданшатарыг хүсэлт гаргаснаас хойш 6 хоногийн дараа хуралдах гэж байна. Үүнээс үзвэл цэцийн хамгийн дээд хурд нь 6 хоног болж таарав.

Буруу нэртэй энэ байгууллага Үндсэн хуулийн манаанд зогсоод 33 жил болж байгаа ч монголчууд юу хийдгийг нь нэг их мэддэггүй

Энэ хугацаанд цэц Г.Занданшатарын хүсэлтийн хуулбарыг Х.Булгантуяад гардуулжээ. Маргалдагч талуудад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломж олгон, эрх үүргийг нь танилцуулж, нотлох баримт гаргахад нь тусалжээ. Маргагч талууд болон тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгчөөр тайлбар, тодорхойлолт гаргуулах, уг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бичиг баримт, бусад мэдээллийг шаардан гаргуулах, холбогдох албан тушаалтан, бусад хүмүүсээс тодорхойлолт авсан байна. Шаардлагатай бол эрдэмтэн, мэргэжилтэн оролцуулах, тусгай мэргэжлийн шинжээч томилон ажиллуулах, дүгнэлт гаргуулах, гэрчээс тодорхойлолт авах боломжтой байдаг аж. Г.Занданшатар ҮХЦ-д анх гаргасан шаардлагаа ихэсгэж, 1.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн заалт нэмжээ. Үүгээр ҮХЦ их суудлын хуралдааны бэлтгэлээ бүрэн хангаж, хуралдаандаа бэлэн болов.

Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуралдааныг бага, дунд, их суудлын гэж ялгадаг.  Бага суудлын хуралдаан 3, дунд суудал нь 5 хүнтэй байдаг бол 7-9 хүнтэй хуралдахыг их суудлын гэж нэрлэдэг.  

Цэцийн гишүүн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн аваагүй тохиолдолд тухайн хүн “Хүлээж авсангүй” хэмээн гомдол гаргавал З гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцдэг. Харин цэц хүлээж авсан аливаа асуудлаа 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж шийднэ. ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол, шийдвэрлэсэн маргааны талаар шинэ учир байдал илэрсэн бол, цэцийн бүх гишүүний олонхын саналаар уг маргааныг дахин хянах бол бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдана. 9-үүлээ хуралдах гэтэл зарим гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй болбол хурлыг 7-гоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ.

Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг их суудлын хуралдаанаар, 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах тул энэ маргааныг их суудлын хуралдаанаар шийдвэрлэхээр болсон байна. Маргааныг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг. Шаардлагатай бол цэц гаргасан дүгнэлтээ дахин хянаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-ын саналаар эцэслэн шийдэх хуультай. Хэрэв 2/3-ын санал авч чадахгүй бол Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол хүчинтэй хэвээр үлдэнэ.

Бага суудлын хуралдаан 3, дунд суудал нь 5 хүнтэй байдаг бол 7-9 хүнтэй хуралдахыг их суудлын гэж нэрлэдэг

Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулна. Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой шаардлагатай үед л ҮХЦ хаалттай хуралддаг. Нээлттэй хуралдаанд оролцогчид хуралдааны танхимд тэмдэглэл хөтлөх, соронзон бичлэг, радио, телевизийн шууд нэвтрүүлэг хийх, кино болон фото зураг авах, дүрс бичлэг хийхийг зөвшөөрдөг. Тэгэхээр Г.Занданшатарын гаргасан маргааныг ҮХЦ хэрхэн шийдвэрлэхийг хэн ч очиж сонирхох боломжтой.

Цэц шийдвэрээ Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргана. Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтын үг үсэг, утга санаанд бүрэн нийцсэн нөхцөлд цэцийн шийдвэр хууль ёсных болно. Эцсийн шийдвэр гармагц хүчин төгөлдөр болдог.

Цэцийн шийдвэрээ УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЗДХЯ, маргагч талууд, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд тус тус хүргүүлнэ. Дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15 хоногийн хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ. Хүлээж авахгүй бол цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, уг маргааныг эхнээс нь дахин хэлэлцэнэ. Ингээд УИХ уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй нь зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгоно. Хэрэв УИХ-ын буруу бол УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож, тогтоол гаргана. Энэ нь эцсийн шийдвэр байх агаад Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон хууль цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *