Ерөнхий сайдын үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаар нээлттэй хэлэлцэж эхэллээ. Их суудлын хуралдаан 7-9 гишүүнтэй. Энэ удаад их суудал бүрэн бүрэлдэхүүнээрээ эл маргааныг хянан хэлэлцэхээр тогтжээ.
УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025.10.17-ны нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандсан юм.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч:
- ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт,
- ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ
- ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон,
- ЗГХЭГ-ын ахлах референт Д.Төрбат,
- Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндэндорж
УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч:
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа
- Зөвлөх Д.Гантөгс
- УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч:
- УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал,
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,
- УИХ-ын гишүүн А.Ундраа,
- УИХ-ын гишүүн Б.Баярбаатар,
- УИХ-ын гишүүн С.Ганбаатар,
- УИХ-ын гишүүн М.Мандхай
- УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
Гэрч:
- УИХ-ын гишүүн П.Сайнзориг,
- ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир,
- УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж
Шинжээч:
- Хуульзүйн ухааны доктор О.Машбат
ҮХЦ-ийн 9 гишүүнээс хуралдаанаас гаргах шаардлагатай гэж үзсэн хүн байгаа эсэхийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас асуухад ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханыг гаргахыг шаардлаа. Ерөнхий сайдын үүсгэсэн маргаан О.Мөнхсайханд анх хуваарилагдсан байна. О.Мөнхсайхан уг маргаантай асуудлаар байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн, Г.Занданшатартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байсан гэх үндэслэлийг Х.Булгантуяа гишүүн илэрхийллээ. О.Мөнхсайханыг хуралдаанаас гаргах асуудлыг цэц хянаад, түүнийг өөрийн байр сууриа урьдчилан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээсэн гэж үзсэнгүй. Ийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнсайханыг хуралдаанаас гаргасангүй.
