УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас ҮХЦ-ийн шийдвэрийн талаар байр суурийг нь тодрууллаа.
-Та УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд оролцсон. Уг хурлын талаар та юу хэлэх вэ?
-Гол нь 2 асуудлыг өчигдөр нэгтгэж хэлэлцсэн. Х.Булгантуяа дэд даргатай холбоотой үүссэн гомдлыг ҮХЦ их суудлын хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй. Шийдвэрийг нь УИХ хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн байдлаар хэлэлцэнэ. Хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ шийдвэр хаагдана гэсэн үг.
УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг бол заавал дунд суудлаар хэлэлцэх ёстой. Дүгнэлтийг нь УИХ хэлэлцээд, хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд их суудал хуралдаж, тогтоол гаргах ёстой. Тэр тогтоол харин эцсийнх байна.
ҮХЦ-ийн их суудлын хуралдаан хэрвээ тогтоол гаргасан бол цэц өөрөө хуулиа зөрчих байдал руу орж байгаа учраас их суудлын хуралдаанаар анхан шатны журмаар хэлэлцсэн юм байна гэж ойлгосон. Одоо дүгнэлтийг нь УИХ хуульд заасан хугацаанд хэлэлцэн, хүлээж авах эсэхээ шийднэ. Хүлээж авахгүй бол ҮХЦ их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, тогтоол гаргана. Т
-Тогтоол, дүгнэлт 2 тусдаа юу?
-Тусдаа. Тогтоол эцсийнх. Дүгнэлт бол эцсийн шийдвэр биш. Цэц их суудлын хуралдаанаараа тогтоол гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр болно. Өчигдөр бол цэц тогтоол гаргах ямар ч боломжгүй байсан.
-Х.Булгантуяа дэд даргыг эргүүлэн татах асуудал яригдах уу?
-Үндсэн хуулийн 63.3, 63.4-т энэ асуудал байгаа. Үндсэн хууль зөрчсөн байна, эргүүлэн татах үндэслэлтэй байна гэдэг дүгнэлт гарна. Дүгнэлтийнх нь томьёоллыг хараагүй учраас энэ 2-ын аль нь юм бол гэдэг асуудал үүснэ. Аль нь ч байсан УИХ хэлэлцэнэ. Хүлээн зөвшөөрвөл маргаан хаагдана. Хүлээн зөвшөөрөхгүй байсан ч цэц үүнийг дахин авч хэлэлцэхгүй. УИХ өөрөө үүнийг хэлэлцээд хаана.
Өчигдөр цэцийн гишүүн О.Мөнхсайхан илтгэлдээ “УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн” гэж дурдсан. Хэрвээ дэг зөрчсөн бол энэ нь ҮХЦ-ийн асуудал биш. Дэг зөрчсөн эсэх нь УИХ-ын асуудал. Дэгээ УИХ өөрөө тогтоодог. Дэг зөрчигдсөн бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, түүний доор байгаа дэд хороод энэ асуудлыг авч хэлэлцээд, засдаг. Дэг зөрчсөн асуудал цэц дээр яригдах хууль зүйн үндэслэл байхгүй.
-ҮХЦ-ийн дүгнэлт, тогтоол хэд хоногт УИХ-д ирдэг вэ?
-ҮХЦ-ийн дарга УИХ-д хүргүүлнэ гээд хуульд тодорхой заачихсан. Өнөө маргаашдаа багтаад ирэх байлгүй дээ.
–Х.Булгантуяаг эргүүлэн татах үндэслэлтэй гэвэл УИХ эргүүлэн татах уу, сонгогчид уу?
-УИХ өөрөө, олонхоороо шийднэ.
-УИХ-ын нэгдсэн хуралдааныг одоо хэн удирдах вэ?
-Үүнийг хуралдаан зохион байгуулагч шийдэх байх. Өөртэй нь холбоотой асуудал хэлэлцэх үед Х.Булгантуяа удирдахгүй, өөр хүн удирдаж магадгүй. УИХ-ын чуулганыг Х.Булгантуяа удирдана гээд тогтоол гаргачихсан. Өөртэй нь холбоотой асуудал хэлэлцэхэд цөөнхийн бүлгийн дэд дарга удирдаж болно.
-Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргын албан тушаалаас буулгаад өнгөрөх үү, гишүүний хувиар эргүүлэн татах уу?
-ҮХЦ-ийн дүгнэлт ямар агуулгаар гарснаас хамаарна. Гишүүн гэдэг агуулгаар гарсан бол хуралдаан удирдахад асуудалгүй. Дэд дарга гэдэг агуулгаар гарсан бол хурал удирдахгүй.
