Г.Занданшатар үлдэж, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа 2 хөтлөлцөөд буцах нь


УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Түүнийг одоо УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал яригдах нь. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэдэг. “Үндсэн хууль зөрчих гэж байна шүү” гэж анхааруулсаар байхад Үндсэн хууль зөрчсөн хүнийг одоо яалтай. “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдэг. Анхааруулсаар байтал айхгүйгээр хийчихсэн хойно одоо гишүүний суудлаа өөрийн хүсэлтээр өгвөл цэвэр юм даа.
“Мордохын хазгай” гэгч Үндсэн хуулийн цэцэд болж байх шиг. Сэцэн ухаанаа уралдуулах учиртай байгууллагаа манай улс мэргэн харваачийг нэрлэдэг үгээр Үндсэн хуулийн цэц гээд нэрлэчихсэн. Нэр нь буруу болоод ч тэр үү, үйл ажиллагаа нь ч хазайчих шиг боллоо. Үндсэн хуулийн манаанд зогсоод 33 жил болж байгаа энэ байгууллагын дархан цаазат Богдхан уулын хойд хормойд, хатан Туулын хөвөөн дэх сайхан цагаан байшинг өчигдөр олон монголчууд нүд чилээн харав. Гэвч нээлттэй эхэлсэн хуралдаанаа хэсэгхэн хугацааны дараа хааж, тэр байшин дотор юу болоод байгааг мэдэх боломж олон нийтэд олдсонгүй.

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн үү, огцруулах санал хураахдаа Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг 2 асуудлыг энд хянан хэлэлцэв. Эндээс гарч ирсэн хүн бүр ҮХЦ-д гомдол тээжээ. Маргалдагч талууд хоёулаа ҮХЦ-ийг нэг талыг барьж байна хэмээн буруутгав.

УИХ-ыг төлөөлж 16-17 хүн, Засгийн газрыг төлөөлж 5 хүн энэ хуралдаанд оролцсон. Засгийн газар, УИХ-ын төлөөллийг тэнцүүлэлгүй, тооны хувьд эрс ялгаатай байсныг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт шүүмжиллээ. “Олон хүн илүү олон минут ярих эрх олж авч байна. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг хүссэн хугацаагаар нь яриулж, хүсэлт бүрийг нь сонсож байсан. “Нотлох баримтаа гаргаж өг” гэхэд УИХ-ын гишүүд нотлох баримтаас гадна гомдол, хүсэлтээ хэлж, шийдүүлж байсан. УИХ-ын гишүүдийг 30 минут яриулаад, Засгийн газрын гишүүнийг 10 минут ярьсны дараа “Цаг чинь хэтэрлээ” гээд үгийг нь тасалсан” гэж гомдоллов.  

Гэтэл УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид “Бид ҮХЦ-д 08:30 цагт ирж, 2 гомдол, 3 хүсэлт гаргасан ч “Хуралдаан зарласны дараа өгсөн” хэмээн хүлээж аваагүй” гэж тунив. Х.Булгантуяа өмгөөлөгч авах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүйд гомджээ. Өмгөөлөгч авах, авлаа гэхэд өмгөөлөгч нь хуралд бэлтгэх хугацаа түүнд байгаагүй гэнэ.

Маргалдагч талууд хоёулаа ҮХЦ-ийг нэг талыг барьж байна хэмээн буруутгав

Аливаа шүүх хурлын явц, шийдвэрт сэтгэл ханамжтай хүн ер нь байдаггүй. 2 тал хоёулаа ямар нэг гомдол тээж үлддэг. Хоёулаа л “Үг хэлүүлсэнгүй. Өмгөөлөгч сайн ажилласангүй. Шүүгч нөлөөнд авсан, нэг талыг барьсан” гэдэг. Хохирогч тал “Цагдаа дутуу шалгасан. Прокурорын төлөвлөсөн ял хөнгөдсөн. Шүүгч хөнгөн ял оноолоо” гэдэг. Хохироосон тал “Цагдаа хүчээр ял хүлээлгэсэн. Прокурор хүнд ял төлөвлөсөн. Шүүгч шударга бус хандсан” гэдэг. 25 жил хорих ял оноочихвол хохирогч “Бүх насаар нь хорих байсан юм” гэдэг. Бүх насаар нь хорих ял өгвөл “Цаазлах байсан юм. Амийг амиар” гэдэг. Хохироосон тал “Миний ял хүндэдсэн. Давж заалдана” гэдэг. Ийм л юм ҮХЦ-д ч өчигдөр боллоо. Энэ талаасаа бол болдог юм болдгоороо болов.

Нөгөө талаас нь харвал ҮХЦ энэ маргаан дээр тун хянуур хандах учиртай байлаа. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хуралдаан эхлэхэд цэцийн гишүүн О.Мөнхсайхан энэхүү маргаантай асуудлаар байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн, Г.Занданшатартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байсан гэх үндэслэлээр танхимаас гаргахыг шаардсан ч цэц хүлээж авсангүй. Түүнийг танхимаас гаргаж, 8-уулаа хуралдахад юу нь болохгүй байсан юм бүү мэд. О.Мөнхсайханыг гаргачихсан бол уг нь итгэл үнэмшил төрүүлэх байлаа. Энэ нь УИХ-ын гишүүдийг ҮХЦ-д итгэл алдрах, хуралдааныг хаяж гарахад хүргэсэн хүчин зүйлсийн нэг болов.

Ерөнхий сайдыг огцруулаагүй, огцруулах эсэх асуудлыг УИХ хэлэлцэж байхад Г.Занданшатар ҮХЦ-д хандаж, цэц хүсэлтийг нь хүлээж авсан нь олны анхаарал татсан. Х.Булгантуяагийн хэлсэнчлэн энэ бол хийгээгүй хэрэгт хүнийг сэжиглэж, хавтаст хэрэг нээсэнтэй адил. Чи хулгай хийх гэж байна гэж хүнийг яллаж болохгүй. 1 хүний дарангуйлал тогтсон нийгэмд л ийм гаж үзэгдэл бий болдог. Гэвч харамсалтай нь Х.Булгантуяа яг тэр үед хэрэг хийгээгүй байсан ч хэдхэн цагийн дараа тэр хэргийг хийж, яах аргагүй сэжигтэн болсон.

УИХ-ын гишүүд төдийгүй, энгийн олонд эргэлзээ төрүүлсэн өөр нэг зүйл нь ҮХЦ шууд их суудлын хуралдаан хийсэн нь юм. Үндсэн хуулийн 66.2.1-т заасныг үзвэл Ерөнхий сайдын маргаанаар ҮХЦ дүгнэлт гаргаж, УИХ-д оруулах аж. Уг дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол ҮХЦ өөрийн дүгнэлт болон УИХ-ын тайлбарыг дахин хянан үзэж, эцсийн шийдвэр гаргах байв. Энэ нь цэц дунд суудлаараа эхэлж хэлэлцэн, дүгнэлт гаргаж, УИХ-д хүргүүлнэ. УИХ уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол ҮХЦ дахин хянаад, эцсийн шийдвэр гаргана гэсэн үг.

Хүн зодох санаачилга гаргаж, зодооны бүлэг байгуулсан толгойлогчийг туслахтай нь гэрчээр шүүх хуралд оролцуулсантай адил зүйл боллоо

Гэтэл ҮХЦ шууд их суудлын хуралдаан зарласан нь дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэхгүй, шууд хүчин төгөлдөр болгоно гэсэн үг. Үүнийг П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарын гишүүд “Цэц хэт нэг талыг барьж байна” гэж үзэж байлаа. Монгол Улсад онц байдал зарласан, дайны байдал үүссэн, цэрэг зэвсгийн асуудал гарсан үед л ҮХЦ шууд их суудлын хуралдаан хийх учиртай. Гэтэл ийм асуудал үүсээгүй, энх тайван цагт цэц  дунд суудлаа алгасаж байгаа нь дэгээ зөрчсөн хэрэг гэж тэд тайлбарлав.

Цэцийн хуралдааныг хаяж гарсан Ц.Сандаг-Очир гишүүн “Цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт тодорхой болчихсон юм байна” гэж мэдэгдсэн бол П.Сайнзориг гишүүн “УИХ-аас томилогддог Ерөнхий сайд буюу УИХ-аар хүлээн зөвшөөрөгдөж байж бүрэн эрх нь хэрэгждэг Засгийн газар нь УИХ руугаа халдан довтолж, харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийг авах оролдлогыг бусад инститүцтэй хамтран, хүч түрэн хийж байна. 40-хөн гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээрээ үлдье гэсэн увайгүй үйлдэл хийж, өнөөдөр улстөрийн тогтворгүй байдал, Үндсэн хуулийн гүнзгий хямрал руу биднийг түлхэн авч орлоо” гэж сэтгүүлчдэд мэдээлэв.   

Гайхаш төрүүлсэн өөр нэг асуудал бол УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон гишүүд дотор П.Сайнзориг гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир хоёр багтжээ. Гэтэл тэднийг ҮХЦ гэрчийн суудалд суулгасан юм. Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачлан, гишүүдээр гарын үсэг зуруулж, УИХ-д өргөн барьсан хүн нь П.Сайнзориг. Тэр бичгийн дагуу УИХ-ын ТББХ-г хуралдуулж, Г.Занданшатарыг огцруулахад оролцсон хүн нь Ц.Сандаг-Очир. Хэргийн эзэн атлаа гэрч болсондоо П.Сайнзориг ч өөрөө гайхав. Өөрийг нь ямар үндэслэлээр гэрч гэж үзсэнээ цэц түүнд мэдэгдээгүй гэнэ. “Надад гэрчлэх ямар ч зүйл байхгүй. Огцруулах санал өгсөн 71 гишүүний 1 нь би” хэмээн тэр сэтгүүлчдэд мэдэгдсэн. 71-үүлээ нийлж хүн зодсон хэрэг шүүж байгаа шүүх хэргийн гол эздийг, хүн зодох санаачилга гаргаж, зодооны бүлэг байгуулсан толгойлогчийг туслахтай нь гэрчээр шүүх хуралд оролцуулсантай адил зүйл боллоо. Цэц ийм л юм хийв.

Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг. УИХ-ын гишүүд ҮХЦ-ээс айхгүй ч гэсэн аягүй байлаа. Янз бүрийн шалтаг тоочиж, ямар нэгэн гомдол гаргасан ч цэц хурлаа хийдгээрээ хийв. Шийдвэрээ гаргадгаараа гаргаж таарна. Гишүүдийн тоочсон олон гомдол дунд бодож үзэх зүйл ч байлаа, эсэргүүцэх гэж эсэргүүцсэн шалтаг ч байлаа. Бодож үзмээр зүйлсийг нь цэц харгалзаж үзсэн бол итгэл үнэмшил илүү байх байлаа. Цэцийн дээр хөх тэнгэр биш, Үндсэн хууль бий. Үндсэн хуулийг хэнбугай ч үзэмжээрээ тайлбарлах эрхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *