Зэвсэгт хүчний 234 дүгээр анги “Тактикийн хичээлийг зохион байгуулахад процессийн дахин инженерчлэлийг явуулах” сэдвээр заах арга зүйн цугларалт зохион байгууллаа.
Цугларалт хээрийн байрлалд 3 хоногийн турш болж, нийт 240 км зайд машинтай болон явган марш үйлдэн орчин үеийн техник, технологийг хээрийн нөхцөлд туршин нэвтрүүлэх судалгаа хийжээ.

Цугларалтын хүрээнд иргэний салбарт ашиглаж буй орчин үеийн техник, технологийг цэргийн зориулалтаар ашиглах боломжийг судлах зорилгоор “Starlink” хиймэл дагуулын холбоо, дрон, дулааны мэдрэгчтэй дуран, мото кросс болон дөрвөн дугуйт мотоциклийн хэрэглээ, давуу тал, үр ашгийг хээрийн орчинд туршин судалсан байна.
Мөн анх удаа Хилийн цэргийн 0286 дугаар ангитай хамтран хилийн бүсэд илэрсэн (ННХ)-ийн агаарын зөрчил, халдлага дайралтын эсрэг хариу арга хэмжээ авах хамтарсан дадлага сургалтыг зохион байгуулсан нь энэ удаагийн цугларалтын бас нэг онцлох хэсэг байв.
Энэхүү хамтын ажиллагаа нь Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги салбарын харилцан ажиллагаа удирдлагын шуурхай байдалыг дээшлүүлэхэд чиглэж, практик ач холбогдолтой сургалт боллоо.
“Бид энэ удаагийн цугларалтаар тактикийн хичээлийн процессийг дахин инженерчлэх аргачлалыг туршиж, сургалтын үр дүнг хэмжих шинэ шалгуур, технологийн шийдлийг бодитоор хэрэгжүүлэх эхлэл тавилаа” хэмээн тус ангийн захирагч онцолжээ.





