ШТС-д ажилласан бол хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтооно


Иргэн Д.Оюун нийт 21 жил 8 сар хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Тэрээр “Сод Монгол групп” ХХК-д нярав, “Тэс петролиум” ХХК-д нярав, нефть хангамжийн операторчноор нийтдээ 9 жил 6 сар ажилласан байна. Тиймээс хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт ханджээ.

Тус аймгийн Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл түүний өргөдлийг хүлээн авч хянаад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан 45 насанд хүрсэн, нийтдээ 20-иос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан ч холбогдох журмаар жижиглэнгийн шатахуун түгээх газарт нярав, нефть хангамжийн операторчноор ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцох боломжгүй” хэмээн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос татгалзжээ.

Иймд О шүүхэд хандсан аж. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Монгол Улсад нефтийн төрлийн бодистой харьцдаг хамгийн түгээмэл ажил мэргэжил болох нефт жижиглэнгээр борлуулдаг шатахуун түгээх газрын нярав болон нефть хангамжийн операторчин ажил мэргэжлүүд нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байна. Шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгчтэй адил нөхцөлд ажиллаж байсан иргэдийг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон атлаа О-д татгалзсан нь тэгш байх зарчмыг зөрчсөн” гэж дүгнэн, Нийгмийн даатгалын хэлтсийн Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоож өгөхийг Нийгмийн даатгалын хэлтэст даалгалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *