МАН-ын тэжээсэн, төрийг шимэгчлэгч хувалзнууд


Үндсэн хууль, 14-р зүйл

  1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
  2. Хүнийгэрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно.

Үндсэн хуульдаа ингэж заачхаад, манай улс ард иргэдээ төрд, хувьд ажилладгаар нь ялгаварлан гадуурхаж ирлээ. Манай улс ч гэж дээ, МАН. Төрийн эрхийг төдийгөөс өдий хүртэл тасралтгүй шахам барихдаа төрийн албыг МАН өөрийн гишүүдээр, ах дүү, цүнх баригч, санал өгөгчдөөрөө дүүргэсэн. МАН өөрийн хүмүүсээ төрд шургуулан, татвар төлөгчдийн, ард түмний баялгийн мөнгөөр тэжээдэг.

Тэгээд зогссонгүй. Тэжээврүүдээ ажил хийгээгүй байхад нь цалин өгч, ажлаа хийснийх нь төлөө урамшуулж, ажлын чадваргүй болоход нь тэтгэмж өгдөг. Намынхаа гишүүдийг төрийн, татвар төлөгчдийн, баялгийн мөнгөөр тэтгэж байгаа бол хулгай. Монголын төрийг МАН мөлжиж ханасангүй, насаараа мөлжөөд цадсангүй, хулгайлаад ходоод нь дүүрсэнгүй.

Төрийн албанд ажилла гэж хэн ч тэднийг албадаагүй. Өөрсдөө л орсон. Бүр хүсэж, уралдаж, арын хаалгадаж ордог. Ажил хийгээгүй байхад цалин өгдөг, ажлаа хийж, үүргээ биелүүлсний төлөө урамшуулдаг, ажлын чадваргүй болоход нь тэтгэмж олгодог учраас тэр. Үнэгүй, зүгээр юм авахаар уралдаж орчхоод, ялархаад байх хэрэггүй. Ийм төрийн албан хаагч бол нүүрсний мөнгө идсэн авлигачтай яг адилхан.

Хувалз: Их хурлын гишүүд

Ажиллаж байгаад, гарсан хүнд цалинг нь үргэлжлүүлэн олгодог бил үү? Хаана ч тийм юм байдаггүй гэж бодож байна уу? Байна. Байх байхдаа Монголд тийм юм байна. УИХ-ын гишүүд одоо 7 сая төгрөгийн цалинтай. 4 жилийн турш ийм цалин авч, шүүх дуудахад хүртэл очилгүй, халдашгүй бүрэн эрх гээчийг ярьж пээдэлздэг УИХ-ын гишүүд 4 жилийн хугацаа нь дуусаж, их хурлын гишүүн байхаа больсон хойноо ч бүтэн жилийн турш сар бүр 7 сая төгрөгийн цалингаа авч байна. Энэ талаар бүр хуульчлаад, орон даяар мөрдүүлж байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 41.9-т “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэж заажээ. УИХ бол хууль баталдаг, төрийн эрх барих дээд байгууллага. Өөрөө өөртөө бүтэн жил 84 сая төгрөгийн тэтгэмж өгөх хууль батлаад, тэр тэтгэмжээ аваад явж байна гээд бод доо. Яаж чадаж байна аа!

Ажлаа хийсний төлөө урамшуулал авдаг төрийн албан хаагч бол нүүрсний мөнгө идсэн авлигачтай яг адилхан

УИХ-ын гишүүдийн өөрөө өөртөө тэтгэмж олгосон энэ заалтыг хүчингүй болгохоор иргэн Ц.Батболд D.Parliament.mn цахим системд өргөдөл гарган, иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Түүний өргөдлийг 100.392 иргэн дэмжиж, гарын үсгээ зурлаа. УИХ-ын гишүүд тэртэй тэргүй асар олон онцгой давуу эрх эдэлж байгаа. Үүн дээрээ нэмээд бүтэн жил ажил хийгээгүй атлаа цалингаа бүтэн авч болохгүй. Ажил хийгээгүй хүнд цалин, тэтгэмж олгоно гэдэг бол Үндсэн хууль зөрчиж, ажил хийлгүйгээр амьдрах сонирхолтой хүмүүсийг олшруулдаг аюултай. Ард түмэнд шударгаар амьдрах, ажил хийхийн амтыг үлгэрлэн харуулах учиртай их хурлын гишүүд өөрсдөө ажил хийлгүй, ард түмний татварын мөнгөөр бүтэн жил амьдарна гэдэг байж боломгүй завхрал. Үүнийг маш яаралтай засах ёстой.

Хувалз: Улсын цэцэрлэгийн нягтлан, эрхлэгч нар

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар ажлаа хийснийхээ төлөө 4 сая төгрөгийн урамшуулал авахаар нийслэлийн ЗДТГ-т хүсэлт гаргаж, Х.Нямбаатар түүнийг нь зөвшөөрчээ. Ингэхдээ тэд нягтлан бодогч нартайгаа барьцсан байх юм. Аудитын шалгалтаар зөрчилгүй гарсан цэцэрлэгийн нягтлан бодогч нарт урамшуулал олгодог юм байна. Тэдний урамшууллыг эрхлэгч нар нь бодож олгодог аж.

Эрхлэгч нар ийм урамшуулал авах журам бий ч өөрөө өөртөө тушаал гарган, өөртөө урамшуулал олгох нь зохисгүй байгаа учир нийслэлийн ЗДТГ-т хандсан нь энэ. “Бид ч гэсэн урамшуулал авмаар байна” хэмээн барьцсан эрхлэгч нарын хүсэлтийг хүлээн авч, аудитын шалгалтаар зөрчил илрээгүй 370 гаруй цэцэрлэгийн эрхлэгчид 2 сарын цалинтай нь тэнцэх урамшуулал олгох болсноо нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ.

УИХ-ын гишүүд өөрөө өөртөө 84 сая төгрөгийн тэтгэмж өгөх хууль батлаад, тэр тэтгэмжээ аваад явж байна гээд бод доо

Энэ одоо юу гэсэн үг вэ? Нягтлан бодогч, эрхлэгч, багш хэн ч бай угаасаа зөрчил гаргахгүй ажиллах ёстой. Тэгүүлэх гэж тэр хүнийг ажилд авч, цалин олгодог. Аудитын ч бай, ямар ч шалгалтаар алдаа зөрчил илэрвэл түүнийгээ засах, хэрэг хийвэл хариуцлага хүлээх ёстой. Ямар ч ажилтан тэгдэг. Урамшуулал гэдэг чинь онцгой амжилт гаргавал, хосгүй зүйл бүтээвэл өгдөг зүйл. Түүнээс манаж байгаа хөрөнгөө алдалгүй манасны төлөө өгдөг зүйл биш. Түүнийг цалин гэдэг юм. Алдвал торгож, төлүүлдэг юм.

Гэтэл ажлаа хийснийхээ төлөө “Би зөрчил гаргаагүй. Урамшуулал авъя” гэх нь ичгэвтэр хэрэг. “Чи зөрчил гаргасангүй. Ажлаа яг хийжээ. Урамшуулал олгоё” гэж журам гаргасан нь байж боломгүй гажуудал. Тэр хүмүүс угаасаа зөрчил гаргах ёсгүй. Түүнийхээ төлөө цалин авдаг. Урамшуулал авахгүйгээр ажиллаж чадахгүй бол ажлаа хүлээлгэж өг. Ингэж л шаардах ёстой болохоос 370 гаруй эрхлэгч, 370 гаруй нягтлан бодогч нарт 3 тэрбум төгрөг тараах ёсгүй. Түүний оронд тэр мөнгөө багш нарын цалинг нэмэхэд зориулах хэрэгтэй. Хүүхдүүд цэцэрлэггүй, хүмүүс ажилдаа хүүхдээ дагуулан ирж, хаанаа хаанаа зутарч байна.

Хувалз: Төрийн албан хаагч нар  

Төрийн байгууллагад 226 мянган хүн буюу хүн амын 6.67% нь ажиллаж байна. ЭЗХЯ-ны ажилтан Б.Эрдэнэбат “Төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд нийт 39.3%-иар өссөн. Задалбал, улс төрийн алба 36.6, төрийн захиргааны албан хаагч 31.9, төрийн тусгай алба 70.5, төрийн үйлчилгээний алба 42.7%-иар өссөн байна” гэж 2025.05.15-нд УИХ-д танилцуулсан юм.

Төрийн алба ингэж данхайсныхаа хэрээр жил бүр тэтгэвэрт гарах хүний тоо дагаад нэмэгдсээр ирлээ. Тэд зүгээр л тэтгэврээ бодуулаад явдаг бол ч яах вэ. Төрийн албанаас тэтгэвэрт гарч буй хүнд 1 удаагийн мөнгөн тусламж буцалтгүй олгодог. Тэр нь тухайн хүний 3 жилийн цалин. Ажиллаагүй атлаа огт хийгээгүй ажлынхаа цалинг тэд авдаг. 3 жилийн цалин шүү дээ. 3 сар биш, 3 жил!

370 гаруй эрхлэгч, 370 гаруй нягтлан бодогч нарт 3 тэрбум төгрөг тараах ёсгүй

 “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам” гээчийг Засгийн газар гарган, иргэдээ алагчилсаар ирлээ. Арай дэндүү! Хувийн хэвшилд ажилласан нь тэтгэврээ бодуулаад, байгууллагынхаа үүдээр гарч байхад төрд ажилласан нь тэтгэвэр дээрээ нэмж, буцалтгүй тусламж авч байгаа нь шударга бус.     

2026 онд төрийн 7000 орчим албан хаагч тэтгэвэрт гарна. Тэдэнд нэг удаа тэтгэмж олгоход, 326 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг өнөө жилийнхтэй харьцуулахад 111 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Төрийн албан хаагчийн тоо, цалин нэмэгдэхийн хэрээр тэтгэвэрт гарагсдад өгөх буцалтгүй тусламжийн мөнгө нэмэгдсэн нь тодорхой байна. 326 тэрбумыг 7000 хүнд хувааж өгнө гэхээр 1 хүнд 47 сая төгрөг оногдож байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *