Нийгмийн даатгалын ерөнхий газар Монгол Улсаас Бүгд найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Бүгд найрамдах Чех Улсад оршин суугаа иргэдэд нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар цахимаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох газрын мэргэжилтнүүд Олон улсын хэлэлцээр, Сайн дурын даатгал, Тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын асуудлаар мэдээлэл өгч, цахимаар оролцож байгаа иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т 2019 онд талууд гар үсэг зурж, 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрээр хоёр улсын иргэд буюу Монгол улс болон Бүгд найрамдах Чех улсад шимтгэл төлж, ажилласан давхардаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах ач холбогдолтой юм.
