Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг олон нийт тал бүрээс нь харж байна. Энэ дундаа хуульчид, Үндсэн хууль судлаачид байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол болон 10-р сарын 16, 17-ны өдрүүдийн чуулганы ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хуулийн зөрчил хэмээн дүгнэлт гаргасан процессын талаар УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр тус хуралдаанд ажиглагчийн байр сууриар оролцоход, цэцийн шийдвэр нь түрүүлээд гарчихсан, түүнийгээ албажуулах гэж хуралдсан талаар эргэлзээ үүссэнээ хуваалцжээ. Уг нь парламент болон гүйцэтгэх эрх мэдлийн ялгаа заагийг харуулсан маргаан мэтгэлцээн өрнөж, хоёр эрх мэдлийг балансжуулах чиглэлээр цэц ажиллах байх гэж хүлээж байсан хэдий ч нэг тал нь шийдвэрээ захиалчихсан, нөгөө тал нь хардалттай, харин гуравдагч байр суурь буюу хөндлөнгөөс оролцох ёстой цэц нь цаанаас өгөгдсөн шийдвэрийг биелүүлэх гэж ажиллаж буй мэт дүр зураг харагдсан талаар онцолжээ. Асуудлын хамгийн гол нь Засгийн газар биш, парламент ард түмнээсээ сонгогддог бөгөөд УИХ-аас авсан мандатаараа Засгийн газар байгууллагддаг. Гэтэл парламентаасаа байгууллагддаг Засгийн газар нь парламентдаа “Чи ингэж ажиллах ёстой” гэсэн хандлага гаргаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэдгийг хэллээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы 16, 17-ны өдрийн хуралдааны үйл ажиллагаанд Засгийн газар зохион байгуулалттайгаар хаалт тавьж, ирц бүрдүүлэхгүй бойкот хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл гэдгийг тодотгов. Өөрөөр хэлбэл аливаа парламент өөрсдөө бүрэн эрхийнхээ дагуу хуралдах ёстой байтал үүнд нь гүйцэтгэх эрх мэдэл нь хаалт хийсэн нь Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнийг Үндсэн хуулийн цэц дээр ярих ёстой байтал хэн ч дурдаагүй гэлээ.
Түүнчлэн, УИХ-ын байр суурийг илэрхийлэх ёстой, хамгаалах ёстой итгэмжлэгчдсэн төлөөлөгчдийг цэц гэрч болгочихсон нь шударга ёсны процессын хувьд маш ашиг сонирхлын зөрчилтэй гэжээ. Үндсэн хуулийн цэц бол эрх мэдэл хоорондын маргаан мөн үү гэдэг асуултад хариулж ажиллах ёстой. Харамсалтай нь их суудлын хуралдаанаараа энэ асуултыг орхигдуулж ажилласан нь учир дутагдалтай байсныг тэр шүүмжилж байгаа юм.
Үндсэн хуулийн цэц хоёр өөр маргааныг нэгтгэн шийдсэн нь цэц өөрөө Үндсэн хуулийн хямрал руу оруулах сэжүүр болсныг ч дурджээ. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулсан 93-р тогтоол болон ирцтэй холбоотой асуудлыг нэг дүгнэлтээр шийдсэн. Уг нь нэг маргаан дээр цэц дүгнэлт гаргаж, харин нөгөөх дээр УИХ хүлээж авахгүй бол дахин хянах ёстой байсан ч нэгтгэж шийдвэрлэсэн нь цаашид УИХ-ыг шийдвэр гаргахад ойлгомжгүй байдал руу оруулчихлаа хэмээн дүгнэж байна гэлээ.
Түүнчлэн, УИХ бол хууль тогтоох байгууллага. Үндсэн хуульт болон Үндсэн хуулийн биш байгууллагуудад бүрэн эрхээ хэрэгжүүлэх зохион байгуулалт, журам тогтоож өгдөг гэсэн үг. Харин ҮХЦ бол хууль тогтоогчийн тогтоож өгсөн зохион байгуулалт, журмаар ажилладаг байгууллага. “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь философийг хамгаалах байгууллага нь ҮХЦ байх ёстой. Гэтэл цэцийн гишүүн О.Мөнхсайхан үгэндээ парламент болон ард түмэн засгийн эрх мэдлийн үндэс гэдэг суурь үзэл санааг үгүйсгэсэн нь ноцтой алдаа гэж тайлбарлалаа. О.Мөнхсайхан шиг Үндсэн хууль судлаач энэ дэс дарааллыг хамгийн сайн мэдэх хэдий ч ийм алдаа гаргасан нь нэг бол судалдсан академик түвшний мэдлэг нь өнгөц байна, эсвэл мэдлэгээ үгүйсгэх хэмжээний дарамт шахалт байна гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин илэрхийлжээ.
