Улаанбаатар хотод 10 дугаар сарын эхнээс шатахуун хомсдож эхэлсэн. Зарим ШТС шатахуун борлуулахгүй, борлуулж байгаагийнх нь ойролцоо уртаас урт дараалал үүсээд 20 гаруй хонож байна. ШТС-ууд шөнийн цагаар шатахуунаа татан авч, түүнийгээ 24 цагаар борлуулж иржээ.
Харин 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж, АИ-92 шатахууныг өдрийн цагаар тээвэрлэн, ШТС-уудад нийлүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгааг дурджээ. Энэ нь холбогдох стандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчих эрсдэлтэй юм.
Тус албан бичигт “Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахуун хомсдож, аж ахуйн нэгжүүдээс ШТС-ыг өдрийн цагаар цэнэглэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Ердийн үед ШТС-уудыг холбогдох аж ахуйн нэгж нь шөнийн цагаар цэнэглэдэг. Түүнийгээ өдөр нь борлуулдаг байсан бол гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж, шөнөдөө цэнэглэсэн ШТС-ын шатахуун дуусаж, өдрийн цагаар хангалт хийх зайлшгүй шаардлагатай үүсээд байна. Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд бид том оврын, чиргүүлтэй түгээх автоцистернүүдээр хангалт хийх шаардлагатай байна. Шатахуун нь аюултай ачаа тул өдрийн цагаар түгжрэл ихтэй үед Улаанбаатар хотын төвөөр тээвэрлэх нь холбогдох стандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчих эрсдэлт байдал бий болгоод байна. Иймд түр хугацаанд өдрийн цагийн түгээхэд дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулж туслалцаа үзүүлнэ үү” хэмээжээ.
