ШТС-ууд шатахууны хязгаарлалтаа цуцаллаа


Засгийн газар өнөөдөр (2025.10.28) ээлжит бусаар хуралдан АИ-92 бензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлыг хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаа үйлчлэх хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтов.

Өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтаа цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд мэдээллээ.

Өнөөдөр өглөөний (2025.10.28) 08:00 цагийн байдлаар нийт 86 вагон шатахуун байна. Үүнийг ангилбал:

  • Толгойт өртөөнд 16,
  • Рашаант өртөөнд 6,
  • Улаанбаатар өртөөнд 5,
  • Дархан өртөөнд 10,
  • Сайншанд өртөөнд 5,
  • Эрдэнэт өртөөнд 10,
  • Сүхбаатар өртөөнд 34 вагон.

Улаанбаатар хот дахь шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн агуулахад өнөөдрийн (2025.10.28) 09:00 цагийн байдлаар 2,824 тонн АИ-92 бензин байна. Агуулахуудад 30 вагон буюу нийт 1,800 тонн АИ-92 бензин буулгажээ. Агуулахад буусан шатахуунаас Улаанбаатар хот дахь шатахуун түгээх 115 станцад 1169 тонныг хуваарилсан бол орон нутаг руу 592 тонныг ачуулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *