НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44 га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцэж баталсан.
Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Нийслэлийн ИТХ-ын хуралд танилцуулахдаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40 га газар дээр төлөвлөсөн” хэмээн танилцуулж, театрын асуудлыг арав гаруй хоног ярьж байна.
Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчөөс тэр өдөр 26 төлөөлөгч хуралдаа сууж саналаа өгснөөс 15 нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театр байгуулахыг дэмжсэнээр уг тогтоолыг баталсан байдаг.
Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн гадаад болон дотоод мужийн хамгаалалтын бүсийг Нийслэлийн ИТХ-ийн 2016 оны 50 дугаар тогтоолоор шинэчилж тогтоож энэ бүсэд 2039 газар өмчилсөн, 2183 газар эзэмших эрхтэй иргэн, аж ахуйн нэгжээс газрыг чөлөөлөх ажлыг хийж байжээ. Эдгээр иргэдийн өмчилсөн болон эзэмшиж байгаа газрыг цаашид хориглолт, хамгаалалтын бүсээс шилжүүлэх ажлыг 2023 оноос хийж эхэлсэн байдаг. Гэтэл хориглосон, хамгаалалтын бүсэд чөлөөлсөн газарт театр барих ажил ногоон гэрлээр урагшиллаа.
Т.Даваадалайн тайлбар үнэндээ жул. Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаар ажил хийх гэхээр улстөржиж эсэргүүцээд байх юм. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барина шүү дээ гэв.
Үндэсний урлагийн театрыг Цэцэрлэгт хүрээлэнд барихаар утаа яг яаж буурах вэ эрхэм орлогч дарга аа!!!
Хотын түгжрэлд хэрхэн нөлөөлөх юм бэ!!!
Аль эсвэл театрын барилга дээрээ салхин сэнстэй байх юм уу. Улаанбаатар хотын ундны усны дээр барьж, түүгээрээ салхин сэнс ажиллуулаад нийслэлийн дээгүүр хөвөх өтгөн хар утааг ховх сороод авчих юм биш биз дээ. Хэлээд өгөөч.
Энэ хүний тайлбар үүгээр зогсохгүй. “Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа гэжээ. Уучлаарай эрхэм дарга аа. Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын цэвэр усны нөөц, хамгаалалтын зурвас газар гэдэг бол голын зах, түүнээ бараадан амьдарч байгаа талаарх ойлголтоос тэс өмнөө зүйл шүү.
Хэрэв зээ барилга барих явцад цэвэр усны нөөцөд ямар нэгэн аюул занал учирвал нийслэлийн одоогийн удирдлагууд хариуцлага хүлээх үү. Хүлээнэ гэж байгаа бол ил цагаан тэрийгээ зарлаж, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайгаас 40 га газрыг чөлөөлөх тухай тогтоолд гар өргөсөн төлөөлөгчидтэйгээ хамт цагаан цаасан дээр хараар бичээд, тамга тэмдгээ дараад түмэнд түгээ. Буух эзэн буцах хаягтай баймаар байна.
