Хотын дарга аа, эзэнгүй бүтээн байгуулалтуудыг эзэнтэй болгож өгөөч!


УНТЭ-т өдөрт дунджаар 2000 орчим хүн үйлчлүүлдэг байна. Эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх цаг авахын тулд 06:00 цагаас ирж дугаарладаг. Харин машинтай иргэд үүнээс эрт ирэх шаардлага үүснэ. Учир нь УНТЭ-ийн зогсоол хүртээмжгүйгээс иргэд машинаа байрлуулах гэж хамаг цагаа зарцуулдаг гэлцдэг. Тэгтэл татвар төлөгчдийн мөнгөөр 2020 онд УНТЭ-ийн хашаанд автомат зогсоол байгуулсан ч ашиглахгүй хураасан байх жишээний. Иргэдийн зовлонгоос үүдэн, бий болгосон хоёр бүтээн байгуулалт орхигдоод байна.   

Иргэд эмнэлгийн гадна үүрийн 04:00 цагт ирж, машинаа байрлуулдаг. Үзүүлчихээд явах болохоор эмнэлгийн зогсоолоос гарч чаддаггүй. Хашаанд нь түгжирдэг. Үүнээс болоод зарим нь зогсоолд машинаа орхиод, орой ирж авдаг. Энэ мэт зовлонг захын үйлчлүүлэгч ярина.

Түүнчлэн өвчтэй нэгнийгээ сахихаар ирсэн хүмүүсийн хувьд машинаа зогсоолд тавьсан бол гарна гэдэг бараг биелэгдэшгүй даалгавар. Учир нь хүмүүс машиныг нь хаагаад машинаа тавьчихдаг. Ингээд жолооч нарыг нь дуудаад, гарах гэхэд жижиг зай талбайд эргэх, зөрөх  боломжгүй.

Зогсоолын хүртээмжгүй байдал нь үйлчлүүлэгч нарт чирэгдэлтэй, хүндрэлтэй байдгийн жишээг УНТЭ-ийн зогсоолоос харж болно. Зогсоолын хүртээмжгүйгээс иргэд 1 дүгээр эмнэлэг орчмоос машинаа ачуулах нь олон. Үүнийг далимдуулж, Улаанбаатарын удирдлагууд ухаалаг шийдэл эрэлхийлэх нэрийдлээр урагшгүй ажил хийсэн. 655 сая төгрөгийн үнэтэй, 16 машины автомат зогсоолыг “Метахико” ХХК  барьж, 2020 онд УНТЭ-ийн хашаанд байрлуулсан.

Гэтэл 4 жилийн дараа уг  автомат зогсоолыг зайлуулж, газар дээр нь 130 гаруй машины давхар зогсоол бариад байна.

Даргын халаа сэлгээнээс болж, автомат зогсоолын асуудлыг шийдэж чадахгүй байна

Дээвэр нь хагарч, төмөр нь зэвэрч, өнгө үзэмж нь муудсан автомат зогсоолыг хэдэн хэсэг болгож хураажээ. Уг зогсоолыг өнөөдрийг хүртэл ашиглаагүй шалтгааныг УНТЭ-ийн дэд захирал О.Чойдог “Автомат зогсоол ажиллуулахад мэргэшсэн мэргэжилтэн хэрэгтэй. Гэтэл бидэнд тухайн мэргэжилтнийг сургах боломж, төсөв, санхүү байхгүй. Бид энэ зогсоолыг яаж ажиллуулахыг мэдэхгүй. Тийм учраас чадахгүй гэдгийг хэлж байсан. Бид автомат зогсоолыг өмчдөө бүртгэж авахгүй. Үүнийг өөр, хэрэгтэй газарт нь байрлуулах шаардлагатай байна” гэж тайлбарлав. Одоогоос сарын өмнө тус автомат зогсоолын асуудлаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас холбогдож, өөр газарт байрлуулах тухай ярьсан гэдэг ч дарга нарын халаа сэлгээний асуудлаас үүдэн мартагдсан сурагтай.

Харин нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр

“Автомат зогсоол ажиллуулахын тулд нэг хүн байж таарна. УНТЭ-ийн удирдлагууд “Зөвхөн автомат зогсоолоос олох орлогоор 1 хүн цалинжуулахад хүрэхгүй” гэх шалтгаан хэлсэн. Тийм учраас менежментийн асуудлаас болж ажиллуулахгүй гэх байр суурь илэрхийлсэн” гэлээ.

Татвар төлөгчдийн мөнгийг төлөвлөлтгүй зүйлд бүү үрээч гэмээр. Аливаа бүтээн байгуулалтыг төлөвлөхдөө үр өгөөжийг нь сайтар тооцож, цаашлаад арчлах, хамгаалах ажлыг хэнд хариуцуулахаа тодорхой болгох ёстой.

Энэ автомат зогсоолыг байгуулахад зарцуулсан 655 сая төгрөгөөр хэрэгтэй газарт нь шаардлагатай зүйл бүтээн байгуулж болох байлаа. Тухайлбал: Жилд 3-4 хүүхэд осолд орж, эрүүл мэндээрээ хохирдог Баянзүрх товчоо орчмын замын 2 байршилд гэрэл дохио хийж болно.

Гэтэл нийслэлийн Замын хөгжлийн газраас УНТЭ-ийн хашаанд 655 сая төгрөгөөр автомат зогсоол барьж, үргүй зардал гаргасан. Энэ бол нүдээ олоогүй бүтээн байгуулалт мөнөөс мөн. Гадаадын хөгжингүй орнууд зогсоолын асуудлаа энэ мэт технологийн дэвшлээр шийддэг бол манайх барьж дууссан ганцаа ашиглалтад оруулчхаж чадахгүй байсаар хураасан. Энэ бол алив ажил буух эзэн, буцах хаяггүй байгаагийнх.

Эрх зүйн туслалцааны төвүүдийн хаалга зэвэрч, цонх хагарчээ

Энэ мэтчилэн нийслэлд УНТЭ-ийн хашаанд барьсан автомат зогсоолоос эхлэн бэлгэ тэмдэг төдий бүтээн байгуулалт байна. Тухайлбал: Зорилтот болон төлбөрийн чадваргүй иргэдэд зориулан, 2012 онд Эрх зүйн тусламжийн төв гэх байгууламжийг 8 байршилд барьсан. Үүний нэг нь Зурагтад байдаг.

Гэтэл өнөөдөр тухайн байгууламжийн хаалга нь зэвэрч, цонх нь хагарчээ. Гаднах талбай нь сүйтгэгдэж, хөсөр хаягджээ. Харин иргэд хаалгыг нь татаастай. 

Энэ байгууламжийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байх үедээ бариулжээ. Үүнийг байгуулсан, санаачилсан эзэн бий ч хариуцах эзэн алга. Тус байгууламж нийслэлийн Чингэлтэй дүүргийн өмч. Харин Чингэлтэй дүүргийн удирдлагуудаас тодруулахад “Бид мэдэхгүй. Цагдаагийн ерөнхий газарт хамааралтай” гэсэн юм.

Чингэлтэй дүүрийн удирдлагуудын мэдээлснээр тус байгууламжийг хүний нөөцийн дутагдалтай гэх шалтгаанаар ажиллуулаагүй гэх. Олон жил орхигдсон энэ мэт бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж, үр өгөөжийг нь хүртэх хэрэгтэй байна. хотын дарга аа!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *