“Netflix”-т монголчуудын гаргасан энэ зам мэдээж хэрэг цааш үргэлжилнэ. Шоунд оролцож байгаа 6 тамирчин маань Дэлхий даяар монгол хүн гэж ямар хүн байдгийг, монгол хүний ялгааг харуулж чадлаа. Үзэгчдэдээ хэлэхэд, Та бүхэн маань “Netflix”-ийн албан ёсны сайт болон аппликэйшнээс нэвтрүүлгээ үзэж, баг тамирчдаа дэмжээрэй. Энэ нь дараа дараагийн баг тамирчид энэ шоунд ороход, монгол хадмалтай контент “Netflix”-т ороход маш том дэмжлэг болох юм шүү.
Нэвтрүүлэг өндөрлөсний дараа шоунд оролцсон баг тамирчдаараа Time.mn-ээр эргээд уулзана гэдэгт итгэлтэй байна хэмээн “Spark agency” агентлагийн захирал Э.Дөлгөөн хэллээ. Түүнтэй уг шоуны талаар ярилцлаа.
–Дэлхийн хэмжээний шоунд Монголын баг оролцлоо. Танай агентлаг энэ төслийг санаачлан, зохион байгуулж, хэрэгжүүллээ. Энэ талаар яриагаа эхлүүлье.
-“Physical Asia” бол “Netflix”-ийн гадаад хэл дээрх контентын үзэлтээр тэргүүлдэг шоу. “Spark agency Mongolia”-гийн хувьд яг хагас жилийн өмнө анх багийнхаа Боргилтой ярилцаж, санаагаа гарган, төслөө санаачилж байлаа.
Эхлээд Монгол, Солонгосын багтай 50х50 гэсэн харьцаагаар гоё өрсөлдье гэдэг санал тавьсан. Хэд хэдэн удаа имэйлээр, онлайн цахим уулзалт хийж, өчнөөн татгалзсан хариу сонссон ч бууж өгөөгүй. Нэлээн хөөцөлдсөний эцэст эхний хоёр улирлын зураг авалт дууссан. 3 дугаар улирал буюу “Physical Asia” нэвтрүүлэг дээр та бүхэнтэй ажиллаж болох юм гэдэг хариу авсан. Ингэж хамтарч ажиллах боломж бүрдсэн.
–Анхны дугаар гарлаа. Бүх тамирчинтайгаа суугаад үзэж байна гэж байсан.
-Олон улсын төсөл, тэр дундаа “Netflix”-ийн шоу болохоор нууцлал маш өндөр. Гэр бүл, ойр дотнынхондоо ч энэ шоун дээр ажиллаж байгаа, ийм ийм хүн сонгон шалгаруулалтад орсон гэдгийг ер хэлээгүй. Тэд ч мэдээгүй. Хагас жилийн дотор хүмүүст яримаар, хэлмээр л байлаа. Дотор нэг юм хадгалагдаад л.
Өчигдөр (2025.10.28) бөөндөө үзэж, бүгдээрээ ярилцаад, дотор байсан зүйлээ гаргалаа. Маш гоё байлаа. Тамирчид маань ч гэсэн буцаад, яг тэмцээнд орж байсан үе рүүгээ аяллаа. Яг л төрсөн өдөр, Шинэ жилийн баяр шиг догдлол дүүрэн өдөр өнгөрлөө. Эхний дөрвөн ангийг хамтдаа үзсэн.
–Эхний дөрвөн анги гармагц зөвхөн Монгол гэлтгүй Дэлхий даяар л энэ тухай ярьж байна. Монголчуудын талаар, бидний тухай илүү онцолж байх шиг санагдсан.
-Тийм. Тэгэлгүй яах вэ. Энэ удаагийн шоу бол Азийн түвшний, ялангуяа шилдэг 8 орон, түүн дотор Турк, Австрали хүртэл орсон. Үзүүлэлт, хүлээлтийн хувьд зөвхөн Азиар зогсохгүй, Дэлхийн түвшинд маш өндөр байсан.
–Биеийн хөгжил, хүмүүсийн онцлог гээд нэлээн сонжиж байгаа харагдана лээ.
-Тэгэлгүй яах вэ. Монгол хүний ялгарал гэдэг ч юм уу, онцлог, өв уламжлал талаасаа харсан ч гэсэн маш гоё. Улсын арслан Б.Орхонбаярын дэвээ бол үзэгч фанатуудыг жинхэнэ огшоосон. Монгол хүн бүр яг тэр мөчийг хараад, үнэхээр бахархаж, омогшсон байх.
–Шалгаруулалтаа яаж хийв?
-Энэ шоу чинь нэг талаараа бие бялдар, хурд, хүчний шоу ч гэсэн нөгөө талаараа үзэгчдийн сонирхлыг төрүүлэх нэвтрүүлэг. Зөвхөн хүчний тулаан байсан бол үндэсний 5 бөх ч юм уу, жүдогийн эсвэл кроссфитийн тамирчид явуулах боломж бүрэн байсан. Гэхдээ Монгол гэдэг Улсыг төлөөлж чадах уу гэдгийг 1-рт тавьсан. 2-рт, тухайн тамирчны ёс зүй, нийгэм болон хүмүүст ямар үлгэр дууриал үзүүлдэг вэ гэх мэт маш олон нарийн шалгууртай.
Монгол Улсад яг одоо хөгжиж байгаа, олон нийтийн анхааралд хамгийн сайн өртөж байгаа спорт юу юу байна вэ гэдгээс эхэлсэн. Мэдээж үндэсний бөх, багийн спортын төрлөөс сагс, волейбол, монголчуудын бас нэг өв соёл, урлаг талаасаа ч циркийн тамирчдын төлөөлөл, манайхны олимпод хамгийн өндөр амжилт үзүүлдэг спортын төрөл болох жүдо, чөлөөт бөхийн тамирчид гэж сонгосон.
Заавал тамирчин хүн орох шаардлагагүй. Урлагийнхнаас явж болно. Жүжигчдээс орж болно. Тусгай алба хаагчид, цэрэг, цагдаа ч орж болдог. 100 гаруй хүнээс сонгон шалгаруулсан. Бүгд Монгол Улсыг төлөөлөх бүрэн боломжтой байсан.
–Манай тамирчид энэ шоунд зориулж, бэлтгэл хийсэн үү?
-Тамирчдыг бэлдэх хугацаа огт байгаагүй. Өмнө нь уулзаагүй. Солонгост очсон хойноо нэг нэгнийгээ олж харсан гэхэд бараг болно. Шоу нэвтрүүлэг маш өндөр нууцлалтай гэдгийн нэг жишээ энэ. Тухайн тамирчин өөрсдөө хувийн бэлтгэлээ маш сайн базаасан. Манай Лхагвагэрэл гэхэд олон улсын тэмцээндээ орсоор байсан.
–Очсон хойноо хүчний бэлтгэл хийв үү?
-Солонгост зураг авах хугацаанд мэдээж хэрэг өдөр болгон бэлтгэл хийнэ. Зураг авалтын ачаалал бол маш хүнд. Нийтдээ 24 цагийн зураг авалт гэдэг бас л давахад амар зүйл биш.
Үзээд сууж байхад манайхны тэсвэр тэвчээр, багийн сэтгэл санаа сайн байсан. Бахархаж байлаа. Манай оролцогчдын сэтгэл хэр их хөөрч байв?
-Манайхан чинь ялж, ялагдаад сурчихсан. Ялсан ч, ялагдсан ч яг л нэг ижил сэтгэхүйтэй байгаад сурчихсан. Аягүй тогтвортой байсан. 6 өөр орчинд өсөж хүмүүжсэн, 6 өөр төрлийн спортоор хичээллэдэг, өмнө нь баг болж байгаагүй хүмүүс орсон ч маш богино хугацаанд нэгдэж, нэг баг болж чадсан. Хэн нь ахлагч болох уу, хэнийхээ үгэнд орох уу, яаж уралдах уу гэдгээ маш богино хугацаанд шийдэж чадсан.
–Танай хамт олонд баяр хүргэе! Олон улсын том шоунд ажиллалаа.
-“Spark agency”-гийн хувьд олон улсын, тэр дундаа “Netflix” гэдэг олон улсын медиа салбарын том төлөөллийн шоунд ажиллаад, их зүйл сурлаа. Эерэг мессэж өгсөн, гэр бүлд нөлөөлсөн, залуучуудаа хөгжилд уриалсан контент бүтээх ёстой юм байна гэдгийг ухаарч авсан.
