Д.Амарбаясгалан, Г.Занданшатар 2 эвлэрсэн үү?


МАН-ын УЗ-ийн өргөтгөсөн хурлаас “үйлдвэрлэсэн” наалдан пад хэр чанартай болсныг ойрын өдрүүдэд бүгдээрээ үзнэ. П.Амарбаясгалан, Г.Занданшатар 2-ын дундуур үүссэн хагарал хоорондоо хэр нийлж наалдсаныг өчигдөр оройноос Монголын ард түмэнд харж эхэллээ. Хагарлын үүдийг нээсэн Л.Оюун-Эрдэнэ хаалгаа хаасан эсэхийг, түүнд нь Х.Нямбаатар хэр нэмэр болсныг бүгдээрээ харж байна.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө эс гэхэд өөрийн талын хэн нэгнийг намын дарга болгох тохироо хийх сонирхолтойгоор уг ажлын хэсэгт орсон сурагтай. Д.Амарбаясгалан тохиролцоо хийх сонирхолтой байж болох юм. Түүнд тийм үндэслэл бий. УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгаж байна. Тэр өөрөө л АТГ-т очиж мэдүүлэг өгөхгүй, яллагдагчаар татах тогтоолтой нь танилцуулахгүй, тогтоолыг нь гардаж авахгүй бултаад байгаа нь тодорхой боллоо. Өөрөө хүлээж авахгүй бол өмгөөлөгчид нь өгөх боломж бий. Энэ боломжоо ашигласан, өмгөөлөгчид нь өгсөн гэдгээ АТГ өнөөдөр олон нийтэд мэдээллээ. “Намайг цагдаа, прокурор шалгаагүй” хэмээн өнгөрсөн хугацаанд ам таглаж ирсэн Д.Амарбаясгалан одоо тэгж хэлж чадахгүй боллоо. АТГ, нийслэлийн Прокурорын газар асар хурдтай ажиллаж байгаа нь илэрхий байна. Үүнээс үзвэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар 2-т эвлэрэх зай үлдсэн юм уу даа. Ээ дээ, үгүй л болов уу.

Нэгэнт эрүүгийн хэргийн сэжигтнээс яллагдагч болсон Д.Амарбаясгалан одоо УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр түрий барин, цаг хожихоос өөр аргагүй болж байна. Яг бусад шигээ. Тэгж байтал хорвоогийн өдрүүд өнгөрч, хамаг юм мартагдахад, АТГ нь ч юм уу, нийслэлийн Прокурорын газар ч юм уу, шүүх нь ч байна уу, аль нэг нь түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах биз. Яг бусдынх шиг. “Нүүрсний хэрэг 1” хэзээ, хаана ч юм алга болсныг Т.Аюурсайханыг шүүх яллах үед монголчууд мэдсэн дээ. “Нүүрсний хэрэг 2” ч тэр замаар орох биз. Тийм 1 үл үзэгдэгч замыг эрх баригчид аль хэдийнэ сэм тавьчихсан нь тодорхой болоод байгаа.  

МАН-ын УЗ-өөс томилогдсон 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 3 дахь замыг Д.Амарбаясгаланд олж өгөхөөр чармайж байна

Энэ замаар орохын тулд түүнд одоо 2 зам байна. Г.Занданшатартайгаа зууралдан тэмцсээр, намынхаа их хурал дээр МАН-ын даргын албан тушаалын төлөө дахин нэгийгээ үзэж, нэхийгээ тайлалцаж болно. Намын дарга болж чадвал Ерөнхий сайд болно гээд зүтгэчихнэ. Ийм боломжийг тооцож, тэр УИХ-ын даргын албан тушаалаас сайн дураар огцорсон. Албан тушаалтай зууралддаггүй, авч өгч чаддаг, зангарагтай улстөрчийн дүр бүтээсэн. Нэгэнт дүр бүтээх бол бүтээсэн шиг бүтээх хэрэгтэй.

Эс бөгөөс Г.Занданшатарт зайгаа тавьж өгөөд, намын даргын суудлыг мартах хэрэгтэй. Тэгвэл хожоотой ч бас хохиролтой юм даа. Чамласан УИХ-ын даргын тамга ч үгүй, мөрөөдсөн Ерөнхий сайдын алба ч үгүй. 2028 он хүртэл УИХ-ын гишүүн гэдэг халдашгүй бүрэн эрхээрээ халавч хийж тэснэ. Түүнээс цааш тун ч бүрхэг. Хэн ч биш болж, тугал хариулан, туг барьсан үеэ дурсаж амьдрах магадлал маш өндөр. Гунигтай.

Залгамж халаагаа болгон бэлтгэж, замыг нь заахдаа зааж, засахдаа засаж, захыг нь мушгиж ирсэн С.Баяр яавч түүнийг энэ замаар оруулахыг хүсэхгүй. Тиймээс ч талуудыг эвлэрүүлэх, хагарлыг цавуудах наалдан пад үйлдвэрлэх санаа цухалзуулсаар ажил хэрэг болгосон гэнэ. Түүний идэвхтэй оролцоотойгоор МАН-ын УЗ-өөс томилогдсон 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 3 дахь замыг Д.Амарбаясгаланд олж өгөхөөр чармайж байна. Тэд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарт эвлэрэх зам зааж өгөн, хооронд нь уулзуулжээ. Уг уулзалтад ажлын хэсгийн 16 хүн оролцоогүй. Тэд 2 талтай тус тусад нь тусгайлан уулзаж, асуудлыг ярилцан, эвлэрэх боломжийн талаар санал солилцон, өөрсдийн саналыг тавьжээ. Уг саналын дагуу 2 тал уулзсан ч эвлэрсэнгүй.

Харин төрийн ажлыг гацаахгүй байх, улсын төсвийг хугацаанд нь батлах, МАН-ын даргын сонгуулийг намын бага хурлаар эцэслэн шийдүүлэх, УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнийг бүрэн ирцтэй хуралдуулахаар тохиролцжээ. 2 даргатай болоод буй бүлгээ Г.Занданшатарын тал удирдахаар болж, Ж.Батжаргалыг өчигдөр МАН-ын бүлгийн даргаар сонголоо. Тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг Х.Булгантуяагийн оронд УИХ-ын дэд дарга болгохоор тогтжээ. УИХ-ын дэд даргын албан тушаалд Д.Амарбаясгалан өөрийн хүнээ тавихаар болов. Юутай ч УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга гэсэн 2 албан тушаалыг Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар хуваан авч, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйгээр асуудлыг шийдлээ. Харин МАН-ын дарга хэн болох вэ гэдэг дээр тэд тохирч чадаагүй учраас их хурлаараа асуудлаа шийдүүлэхээр болжээ.юм. Хагарлын үүдийг цэлийтэл нээж, асуудлыг гүнзгийрүүлсэн МАН-ын даргын албан тушаалыг хэн нь хашихаа тэд шийдэж чадсангүй ээ.

Гэсэн ч МАН-д үйлдвэрлэсэн наалдан пад зорилгоо гүйцээж, асуудлаа шийдлээ. Тэдний зорилго УИХ-ыг дэд даргатай болгож, чуулганыг МАН өөрөө удирдах, УИХ дахь бүлгээ даргатай болгох, улсын төсвийг хугацаанд нь яаралтай батлуулах байжээ. Их хурлыг элдэв маргаангүй явуулах, МАН-ын даргын сонгуулийг шударгаар зохион байгуулахаар Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нартай тохирсон байна. Данагар 16 үүргээ гүйцэтгэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *