Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 10-р сарын 30-нд макро зохистой бодлогын асуудлыг тусгайлан хэлэлцэв. Анх удаа хийсэн эл хурлаар гадаад, дотоод орчны төлөв, банк, санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан үзсэний үндсэн дээр макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулсангүй.
“Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд, банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа энэ үед макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал. Банкны салбарын зээлийн жилийн өсөлт саарч байгаа боловч харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байна. Хэрэглээний зээлийн өсөлт саарч, бизнесийн зээлийн өсөлт өндөр түвшинд хэвээр байна. Цаашид хэрэглээний зээлийн чанарт анхаарах шаардлагатай. Санхүүгийн зах зээлийн цахим шилжилт, хөгжилтэй уялдуулан зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах чиглэлд ажиллана. Зээл олгогч санхүүгийн байгууллагуудаас зээлийн мэдээлэл цуглуулах, шинэчлэх, мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах нь зээлийн эрсдэлийг хязгаарлах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг болно” гэж тус хороо үзжээ.
Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч, Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлэх юм байна. Мөнгөний бодлогын хорооны хурлын хураангуй тэмдэглэлийг 14 хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд байрлуулах ажээ.
Цаашид макро зохистой бодлогын шийдвэр гаргах хурлыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд Монголбанк шилжиж буй аж. Монголбанк макро зохистой бодлогын хэрэгслээр дамжуулан, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
