Багш нар ажлаа хаяад 3 дахь долоо хоногтойгоо золголоо. Эмч нар ажил хаяхаа мэдэгдэж, хэсэгчилсэн байдлаар ажил хаях санаачилга хот, хөдөөгүй гарсаар байна.
Харин парламентад 2026 оны төсвийн хэлэлцүүлэг 3 дахь шатандаа орчихлоо. Нэг үгээр бол төсвийг буцаан татаж өөрчлөх хугацаа үндсэндээ үлдсэнгүй. УИХ 5 шатны хэлэлцүүлгээр ирэх оны төсвөө 11-р сарын 15-ны өдөрт багтаан батлах учиртай. Нэгэнт өдий хүртэл хэлэлцүүлэг нь өрнөсөн 2026 оны төсөвт багш нарын цалинг 20 хувиар, эмч нарын цалинг 15 хувиар нэмэхээс өөр гарц байхгүй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга мэдэгдсэн. Гэтэл багш, эмч нар маань үндсэн цалингаа 3,5 сая төгрөгт хүргэтэл эсэргүүцлээ илэрхийлж, ажлаа хаяхаа мэдэгдээд байна. Харин одоо тэдний энэ шаардлага бодит байдал дээр хэрэгжих хугацаа ч үлдсэнгүй.
Багш, эмч нарын цалинг 2026 онд 3,5 сая төгрөгт заавал хүргэнэ гэвэл Засгийн газар он гарсны дараа мөнгөний эх үүсвэрээ бататгаад, төсвийн тодотголын хууль өргөн барих замаар шийдэх ганцхан гарц үлджээ. Тэгэхээр Г.Занданшатарын Засгийн газарт эхлээд багш, эмч нарын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх санхүүгийн эх үүсвэрээ олж ирэх хүндхэн даалгавар ногдож байна. Нүүрсний хулгайг илрүүлж, хохирлыг нь нөхөн төлүүлээд, багш, эмч нарынхаа цалинг өсгөнө гэвэл “Дээс томж найзыгаа аврахын үлгэр” болох нь дамжиггүй. Тэгэхээр Г.Занданшатарын Засгийн газрын өмнө багш, эмч нарын цалинг өсгөх хэмжээний мөнгөний эх үүсвэр хэрэг болох нь.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жилд багадаа 2 удаа тодотгож ирсэн төсвийн тодотгол өмнө нь дээд тал нь 2 их наядаар л нэмэгдэж байсан түүх бий. Харин багш эмч нарын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх хэмжээний тодотгол оруулж ирвэл 2 байтугай их наяд төгрөгийн шаардлага үүсэх нь дамжиггүй.
Монгол улсын зээлжих зэрэглэл олон улсад өссөн дүнтэй гарсан сайн мэдээ гадаад талд байгаа учраас магадгүй засгийн газар цалин нэмэх хэмжээний санхүүгийн эх үүсвэрээ шийдэж чадвал төсвийн тодотголыг өргөн барих замаар багш эмч нарынхаа цалинг өсгөх магадлал он гарсны дараа үүсэж болох нь.
Гэхдээ төсвийн тодотголыг он гармагц баталчихдаг зүйл биш. Дор хаяж цагаан сарын дараа буюу хаврын чуулгантай золгох нь ойлгомжтой. Тэгэхээр багш, эмч нарын цалинг 3,5 сая төгрөгт хүргэхийн тулд хавар хүртэл хүлээхээс өөр гарц үндсэндээ байхгүй болж таарч байна. Харин тэр болтол Монгол улс дүн өвлийн хүйтэнд хүүхдүүд нь сургуульгүй, эмнэлгүүд нь эмчгүй байх гэж үү? гэдэг хэцүү асуулт та бидний өмнө тулгамдлаа.
Ямартай ч багш эмч нарынхаа хөдөлмөрийг 1000 долларт хүргэх ёстой гэдгийг Засгийн газар, парламентын түвшинд аль аль нь хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ ам ажлын зөрүү үүсэх магадлал нь өөрөө маш өндөр гэдгийг багш эмч нартаа нөхцөл байдлыг танилцуулах замаар учирлав.
