Б.Амармэнд: Нэг эвент дээр DJ хийгээд 1-5 сая төгрөг авдаг


8 настайгаасаа электро хөгжим сонирхож эхэлсэн цагаасаа хөгжмийн олон наадам, эвентэд оролцож, олсон орлогоо хадгалж, Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг гэгдэх  “Tomorrowland”-ын тайзнаа тоглох мөрөөдөлтэй Б.Амармэнд хүүтэй ярилцлаа.

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. Хэдэн настай вэ?

-Намайг Б.Амармэнд гэдэг. 8 настай.

-Мод тарьсан хүүхдүүдийг тойруулан DJ хийж байгаа бичлэг чинь фэйсбүүкт саяхан цацагдсан. Чи хэзээнээс DJ хийх болсон бэ. Хэнээс сурав?

-Би мод тарихынхаа хажуугаар ангийнхандаа гоё мэдрэмж төрүүлмээр санагдаад, хөгжөөх гээд өмнөх өдөр нь төлөвлөчихсөн байсан. Тэгээд модоо тарьж дуусаад ангийнхандаа хөгжмөө тоглож өгсөн. Тэр өдөр их хүйтэн байсан учир найзууд маань хөгжим сонсоод, дулаацсан гэсэн. Найзууд “Анд аа! Алж байна ш дээ” гээд, урамтай байсан.

Хөгжмөө тоглохоор чамайг ангийнхан нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Бүжиглээд, дахин дахин тоглуулдаг. Бас “Анд аа! Алж байна ш дээ” гэдэг.  Урлагийн үзлэг болохоор багш надаар DJ хийлгэдэг.

-Аав нь DJ гэв үү. Аавынхаа талаар танилцуулаач. Ер нь яаж сурсан бэ?

-Миний аавыг Батболд гэдэг. DJ BTB нэрээр хүмүүс мэддэг. Аав 30 жил  DJ хийсэн. Түүнийг DJ хийж байгааг нь хараад гоё мэдрэмж төрсөн учраас DJ болмоор санагдсан. Ер нь аавыгаа харсаар байгаад DJ болчихсон. Гэхдээ аав надад тийм ч их зааж өгөөгүй. Би өөрөө сонирхлоороо DJ Карлог youtube сувгаар үзэж, DJ-ийн талаар илүү их ойлголттой болсон. Би Карло шиг DJ болно.

-Чи ер нь хэчнээн эвент дээр DJ хийсэн бэ. Тоолж үзэв үү?

-Анх хөлбөмбөгийн тэмцээн дээр DJ  хийсэн. Их сандарсан. Тэгээд хэд хэдэн удаа олон хүүхдийн өмнө гараад, сандралгүйгээр DJ хийгээд сурчихсан. Ихэвчлэн хүүхдийн төрсөн өдөр, номын баяр, өглөөний уулзалт гэх мэт үйл ажиллагаанд уригддаг. Өөр, томчуудын үйл ажиллагаанд бол очдоггүй. Аавтайгаа хамт “Playtime” хөгжмийн наадамд очиж, 3 өдөр DJ хийсэн. Ах, эгч нар зураг дараад, “Их сайн тоглож байна” гэх бүрт нь урамшдаг. “Playtime”, “Wonderland” хөгжмийн наадам, “Улаанбаатар” фестивалийн том талбай дээр DJ хийсэн. Хөгжмийн наадмуудад ирж байгаа DJ нараас хамгийн жаахан нь би. 15, 18 настай сонирхогч  DJ  ах эгч нар бий.

-Нэг үйл ажиллагаанаас хэдэн төгрөгийн орлого олдог вэ?

-Янз бүр. Ихэнхдээ 1-5 сая төгрөг авч байсан. “Playtime” хөгжмийн наадамд очоод, 5 сая төгрөг авсан. Тэр цалингаараа нөүтбүүк авсан.

-Чи хэр олон хөгжимтэй вэ?

-Гэр дүүрэн хөгжимтэй. Ер нь цалингаа цуглуулаад, хөгжмөө шинэчилдэг.

Чиний цаашдын зорилго юу вэ?

-DJ-гээ хийж байгаад, их сайн DJ болох хүсэл мөрөөдөлтэй. Дэлхийн томоохон “Tomorrow land” хөгжмийн наадамд оролцохыг хүсэж байна. Биширч явдаг DJ Карлотой уулзаж, нэг тайзнаа гарахыг хүсдэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *