Дорнод аймагт өчигдөр хээрийн 3 түймэр гарлаа. Матад сумын 6 дугаар багийн Бөөн нуур гэдэг газар 12:00 цагийн үед гарсан түймрийг “Петро Чайна дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд 14:35 цагт цурманд оруулж, 15:33 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар уг түймэрт 1600 га талбай өртөж шатав.
Чойбалсан сумын 3 дугаар багийн Хярт гэдэг газар гарсан түймрийн тухай дуудлагыг 13:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги хүлээн авчээ. Чулуунхороот сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд тус түймрийг өнөө өглөө буюу 11-р сарын 3-ны 06:00 цагт цурманд оруулан, 07:05 цагт бүрэн унтраалаа.
Гурванзагал сумын 2 дугаар багийн Баян гэдэг газар өчигдөр орой 19:00 цагийн үед түймэр дэгджээ. Тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд 21:24 цагт цурмад оруулан, 22:39 цагт бүрэн унтраав. Урьдчилсан байдлаар уг түймэрт 600 га талбай өртөж шатсан байна.
