УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлгийн гишүүд намрын чуулганы үеэр төсвийн хэлэлцүүлэг, 2026 оны төсөв, татварын талаар онцгойлон анхаарч ажиллаж байгаа. АН-ын гишүүн Д.Пүрэвдорж УИХ-ын дэд даргын ажлыг хийж байна. Одоогийн байдлаар төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүргийн дагуу ажиллаж байна. Түүнээс биш ямар нэгэн шийдвэр гаргах хууль эрх зүйн үндэс байдаггүй гэдгийг онцгойлон хэлье” гэв.
Түүнчлэн “Эрх барьж байгаа нам галзуурлын байдалтай байна. Эрх мэдлийн төлөө улайрч байна. Юун тэр улс орны эрх ашиг, багш, эмч нарын цалин хөлсийг нэмэх тухай бодох. Ер нь багш нарын цалинг ямар нэгэн төсөв төлөвлөгөөгүй, бүтцийн өөрчлөлт хийлгүйгээр нэмбэл буцаад үнийн хөөрөгдөл бий болно. Инфляц өснө. Эх үүсвэргүй, бүтцийн өөрчлөлт хийлгүйгээр цалин нэмнэ гэдэг бол буруу. Ерөөсөө МАН бүх зүйлийг орхичихсон байна” гэж тэр нэмж хэллээ.
Мөн АН-ын тухайд татвар буурах ёстой, иргэд өөрсдөө орлого олох боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг байр суурьтай байна гэлээ.
