9 хүн хутгалсан 2 этгээдтэй галт тэрэгний ажилтан улаан гараараа үзэлцжээ


Донкастер хотоос Лондон хот руу хөдөлсөн Английн LNER хурдан галт тэргэнд 11-р сарын 1-ний орой 18:05 цагт хутгатай хоёр этгээд 9 хүн хутгалсан хэрэг Их Британи даяар шуугиан тарьжээ. Халдлага гарсны дараа галт тэргэнд явж байсан хүмүүс зугтаж, галт тэрэгний урд хэсэг рүү гүйсэн байна. Зарим зорчигч ариун цэврийн өрөөнд орж хаалгаа түгжсэн бол зарим нь ачааны хэсэгт нуугдан, амь аврагджээ.

LNER хурдан галт тэрэгний хяналтын ажилтан үлдсэн зорчигчдыг аврахын тулд хутгатай хоёр этгээдтэй зодолдож, хутганы шарх аван, хүнд бэртжээ. Халдлага эхэлмэгц зорчигчид цагдаа дуудсан байна. Галт тэрэгний ажилтан хутгатай этгээдүүдтэй амь тэмцэн зодолдож байх хооронд галт тэрэг хамгийн ойрхон буудалд зогсож, цагдаа нар орж ирснээр гэмт хэрэгтнүүдийг баривчилсан байна.

Тус галт тэрэг асар хурдан явдаг тул зогсоолоос шууд үсэрч суух боломжгүй байдаг аж. Галт тэрэгний жолооч халдлага гарч буйг мэдсэн даруйдаа цагдаа нарт мэдэгдэж, хамгийн ойролцоо орших буудал руу хурдаа сааруулж очсоноор цагдаа нар галт тэрэг рүү шууд үсэрч орох боломжтой болсон байна.

Хэрэв хяналтын ажилтан амиа золиослон байж хутгатай этгээдүүдтэй зодолдоогүй бол нэмж хэдэн хүн халдлагад өртөх байсныг тааварлах аргагүй. Цагдаа нар хэргийн газраас Их Британийн иргэншилтэй, 32 болон 35 настай хоёр этгээдийг баривчилжээ. Дараа нь 35 настай сэжигтнийг уг халдлагад буруугүй гэж үзээд, суллаж явуулсан бол 32 настай этгээдийг үргэлжлүүлэн байцааж байна.

Уг этгээд яагаад ийм хэрэг үйлдэх болсон нь тодорхойгүй байгаа аж. Цагдаа нар үүнийг терроризмын зорилгогүй, зориуд төлөвлөсөн хэрэг биш гэж мэдээлжээ.

Хутгалуулсан хүмүүс эмнэлэгт хүргэгдэж, 5 зорчигчийн биеийн байдал сайн байгаа тул эмнэлгээс гаргажээ. Хутгатай этгээдтэй зодолдож хүнд шархадсан галт тэрэгний ажилтны биеийн байдал маш хүнд, амьдрал, үхлийн зааг дээр байна гэж өчигдөр мэдээлжээ. Их Британийн хэвлэл даяар түүнийг “Баатар” хэмээн өргөмжилж байна.

Эх сурвалж: CNN


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *