Бүрэн эрх нь дууссан гишүүдийн тэтгэмжийг цуцлах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа


УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаж, дахин нэр дэвшээгүй эсвэл ахин сонгогдож чадаагүй гишүүдэд бүтэн жилийн хугацаанд их хурлын гишүүний цалинг бүтнээр нь сар бүр олгох хууль үйлчилдэг. УИХ-ын гишүүнд л олгогддог энэхүү давуу эрх нь тухайн гишүүнийг гадаадын компанид ажиллах болоод гадаадад очиж ажиллахыг хориглох зорилготой гэнэ. Энэхүү хуулийг 2024 оны 6-р сард буюу парламентын сонгуулийн үеэр баталсан байдаг. Нэг үгээр бол өмнөх парламентын гишүүд дахин сонгогдож чадахгүй бол сар бүр гишүүний үндсэн цалин 7 сая төгрөгөөр бүтэн жил цалинжих давуу эрхийг өөрсдөдөө бий болгосон юм.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн тухайн цаг үед парламентын гишүүдийн өөрсдөдөө бий болгосон дээрх “даатгалыг” олон нийт анзаараагүй өнгөрөөсөн байдаг. Харин хуульч мэргэжилтэй иргэн Ц.Батболд их хурлын гишүүдийн дангаараа эдэлдэг бүтэн жилийн тэтгэмжийг хүчингүй болгох цахим өргөдлийг D-Парламентад байршуулсан юм.

Түүний өргөдлийг 100 мянган иргэн дэмжиж, өнөөдөр парламентын эхний хэлэлцүүлэг өрнөлөө. УИХ-ын Төрийн байгуулалт болоод Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралд оролцсон гишүүдийн байр суурь эл асуудалд харилцан адилгүй байсныг дурдах хэрэгтэй. Тодруулбал улиран сонгогдсон буюу их хурлын гишүүнээр 2-оос доошгүй удаа сонгогдсон ахимаг настай гишүүд уг тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэдэг байр суурьтайгаа нуусангүй. Шалтгаан нь улсын нууцтай бүтэн 4 жил танилцаж байсных нь хувиар нууцыг хадгалах үүрэгтэй олгодог тэтгэмж хэмээн тодорхойлж байна. Харин залуу буюу анх удаа парламентад сонгогдон ажиллаж байгаа гишүүд уг тэтгэмжийг бүрэн эрх нь дууссан гишүүдэд олгох нь буруу гэдэг зарчим баримталж байсан юм.

Хамтарсан байнгын хорооноос УИХ-ын гишүүн Б.Хэрлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Тэд 4 жил ажиллаад бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдэд цаашид сар бүр 7 сая төгрөгийн тэтгэмж олгодгийг цуцлах талаар хууль санаачлах судалгаа хийх үүргийг хүлээж байна.

Ташрамд дурдахад өмнөх 76 гишүүнтэй парламентаас ахин сонгогдоогүй гишүүн бүр 2025 оныг дуустал сар бүр 7 сая төгрөг авч байгаа. Тэгэхээр бүрэн эрхээ дуусгавар болгосон 1 гишүүн жилд 82 сая төгрөг авдаг гэсэн үг юм. Гэхдээ тухайн хүн хэрэв эх орондоо өөр ажилд томилогдсон бол дээрх тэтгэмжийг зогсоодог. Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй болохоор 2028 онд бүтэн жилийн турш сар бүр 7 сая төгрөгийн тэтгэмж авах хүний тоо бүүр ч нэмэгдэх магадлалтай. УИХ-ын Тамгын газрын зардалд шууд суулгадаг эл тэтгэмжийг цуцлах эсэхийг иргэд амьсгаа даран хүлээж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *