Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс “Улсын дундаж цалингаар их хурлын гишүүд цалинждаг байя” гэдэг санаачилга гаргаж байгаагаа зарласан. Гишүүд, сайд нар бодит амьдралаас хэт тасарсан байдлыг арилгахын тулд парламентын гишүүд улсын дундаж цалингаар, сайд нар салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байх эл санаачилгыг гишүүд, сайд нар дэмжих эсэхийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гишүүдийн цалинг дундаж цалингийн хэмжээнд хүргэх нь популизм

-Энэ бол популизм. Ер нь баахан популизм яваад байна. Гишүүний 1 жилийн тэтгэмжийг болиулъя гээд л.
Гэтэл энэ чинь төрийн нууцтай холбоотой асуудал. Улсын нууцтай бүтэн 4 жилийн хугацаанд танилцаж байсан парламентын гишүүд 1 жилийн хугацаанд гаднын компанид ажиллахгүй, гадаадад гарч ажиллахгүй, төрийн нууц хадгална гэж үүрэг хүлээж, тэтгэмж авдаг. Бусад улс оронд ч тийм жишиг бий. Жишээлбэл: Х.Жекей байна шүү дээ. Цаашид тэрэн шиг алдаа дутагдал гаргахгүйн тулд бид 1 жилийн тэтгэмж өгөөд, улсын нууц хадгалах үүрэг хүлээлгэж, жилийн дотор ажлаа олох боломж олгож байгаа байхгүй юу.
Гэтэл үүнийг популизм болгоод байна л даа. Бараг “Цалин авахгүй ажилла” гэх гээд байна шүү дээ. Нийгэмд гоё харагдахын тулд юуг ч гай тарьж, түймэрдэхэд бэлэн хүмүүс байна л гэсэн үг.
УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ч.Ундрам: Сайд нар салбарынхаа дундаж цалинг авна гэдэг шударга

-Сайд нар салбарынхаа дундаж цалингаар цалинжих нь шударга зарчим байх гэж харж байна. Тухайн салбарын цалин ямархуу байгаа нь тухайн салбарын сайдад мэдрэгдэх нь чухал байх гэж хувьдаа бодож байна. УИХ-ын гишүүний татваргүй цалин 7 сая төгрөг, сайдын цалин 4 сая төгрөг байдаг. УИХ-ын гишүүн, салбарын сайд хийснээрээ өөр зарчим үйлчилж болохгүй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Ард түмний төлөөлөл ард түмэнтэйгээ ижилхэн цалин авах ёстой

-АН-ын бүлгээс гаргаж байгаа энэ саналыг би хувь гишүүний зүгээс дэмжинэ. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болж ажиллаж байгаа. Ард түмнээс ялгарсан өндөр цалин, урамшуулал авах шаардлагагүй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ч.Номин: Гишүүд сайд нарт дабл үйлчлэх ёсгүй

-Өөрийн хүслээр сонгуульд нэр дэвшиж, ард түмнээ төлөөлж байгаа гишүүд, сайд нар ард түмнээсээ илүү эрхтэй, дабл стандарттай байж болохгүй. Цалин, тэтгэмж аль аль нь гишүүдэд илүү байх шаардлагагүй.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Гоё сонсогдож байгаа зүйлс ардаа хулгайтай л байдаг

-Сингапурын жишээ бий. Биднээс хүнд амьдралтай байж байгаад хөгжчихсөн улс үндэстнийг харах ёстой шүү дээ. Өндөр, том шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн цалин, орлого нь гаргаж байгаа шийдвэртэйгээ дүйцсэн байхгүй бол болдоггүй.
Надад гоё үг хэлэхэд асуудал алга л даа. Гэхдээ амьдрал үүнээс хатуу шүү дээ. Дараа нь тэр бага цалинтай хүмүүсийг эд нар нь худалдаж авах гээд давхихыг үгүйсгэх аргагүй. Ер нь наанатай цаанатай бодож л хандах хэрэгтэй. Миний хувьд дундаж болбол болно л биз. Надад ямар ч асуудал алга. Үр дагавраа л тооцох хэрэгтэй. Гоё сонсогдож байгаа бүхэн хор хохиролтой байдаг шүү.
Би эхнээсээ л төрийн өмчит компаниуд байгуулж болохгүй гэдэг асуудлыг ярьж л байсан. “Төрийн өмчит компани байгуулъя. Ард түмний өмч болно” гээд гоё гоё юм ярьдаг байсан хүмүүс дараа нь тэндээс өөрсдийнхөө зувчуулж авах мөнгийг хамгаалж байсан. Тэр компаниудаас идэж уудаг, сонгуулийнхаа мөнгөө босгодог байхгүй юу.
Сонсоход гоё юм чинь ардаа хулгайтай л байдаг. Коммунизм гэдэг чинь бүгдийг хэрэгцээний хэрээр хэрэглүүлж, ажиллах хүслийнх нь дагуу ажиллуулна гэдэг үлгэр байсныг бид 71 жилийн дараа л амьдралаараа амсаж, мэдэрсэн биз дээ. Нэгийгээ гадаад яваад ирэхээр нь бохь горьдож очдог байсан. Үнэн гэдэг чинь хатуу байдаг. Хуулиуд нь хатуу үнэнтэй нийцэж гарч байх ёстой.
