Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй ноцтой асуудлын нэг болох уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн хоёр зуугаад улс орон Парисын хэлэлцээрт нэгдэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, үүрэг хүлээсэн байдаг.
Энэхүү хэлэлцээр нь гишүүн орон бүр өөрийн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (Nationally Determined Contribution-NDC)-ийг 5 жил тутамд тогтмол шинэчлэх үүрэгтэй. Монгол Улс зорилтоо үе шаттайгаар ахиулж, гурав дахь шинэчлэгдсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны манлайлал дор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын түнш байгууллагуудтай хамтран боловсруулж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Нарийн бичгийн газарт хүргүүллээ.
NDC 3.0 нь Монгол Улсын 2025–2035 оны хооронд хэрэгжүүлэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон дасан зохицох зорилтуудыг тодорхойлж, уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой хөгжлийн төлөөх манай улсын хамтын шийдвэр, амлалтыг баталгаажуулах чухал суурь бичиг баримт юм.
