УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлж, 2024.07.05-нд их хурлын 110 гишүүн 100% дэмжсэн. 2024 оны их хурлын сонгуулиар олонх болсон МАН УИХ-ын даргаар эрэгтэй, дэд даргаар эмэгтэй хүн тавихаар нэр дэвшүүлснийг гишүүд, сонгогчид алга ташин хүлээж авсан юм. Гэтэл одоо МАН-ын бүлэг эмэгтэй даргыг эрэгтэй хүнээр солих гэж байгаа нь ухралт болж байна.
Шинэ зуунд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, тэр дундаа шийдвэр гаргах түвшний оролцоо нэн чухалт тооцогдож, Дэлхий нийтийн хандлага болж байна. Энэ чиг хандлагыг харгалзан, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан, сонгуулийн холимог тогтолцоог сонгож, нам, эвслээс сонгуульд нийт жагсаалтаар нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь, тойрогт нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан.
Үр дүнд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 1341 хүний 38.7 хувь буюу 520 нь эмэгтэйчүүд байв. Энэ бол манай парламентад түүхэн дээд үзүүлэлт болсон юм. 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь ч дээд амжилт. Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоор Монгол Улс 2024 оноос тэргүүлж эхэлсэн.
МАН парламентын эмэгтэй дэд даргын албан тушаалыг эрэгтэй гишүүнд өгөх гэж байгаа нь амжилтаасаа ухарсан, дэвшлээсээ татгалзсан явдал болж байна
Өнгөрсөн сонгуулиар нам, эвслүүд сонгуульд нэр дэвшигчдээ, жагсаалтынхаа нэр дэвшигчдийг эрэгтэй, эмэгтэй хэмээн хүйсээр нь сөөлжлөн бичсэн. Энэ нь дэвшил байлаа.
УИХ-ын сонгуульд нам, эвслээс нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот 2024 онд 30 хувь байв. Үүнийг 2028 оны сонгуулиар 40 хувь болгохоор зорьж байгаа гэх. Энэ янзаараа бол энэ нь ч худлаа бололтой.
УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тусгасан. Эмэгтэйчүүдийн төлөөллийг улс төрд бодитойгоор нэмэгдүүлэх нь зөвхөн жендэрийн тэгш эрхийн асуудал биш. Ард нийтийн амьдралын чанарыг сайжруулахад эмэгтэйчүүд илүү санаа тавьдаг. Дан эрчүүд удирдаж, бий болгосон улс орноо өөрсдөө хар л даа. Эмч, багшийн цалин хэд байдгийг, тэд яаж мачийдгийг эрчүүд мэдэхгүй л байна шүү дээ.
МАН одоо парламентын эмэгтэй дэд даргын албан тушаалыг эрэгтэй гишүүнд өгөх гэж байгаа нь амжилтаасаа ухарсан, дэвшлээсээ татгалзсан явдал болж байна. Машинаар бол МАН ер нь ухрах араандаа хийчихжээ.
