А.Ариунзаяа: АН төсвөөр барьцаалж, УИХ-ын дэд даргын томилгоог гацааж байна


МАН-ын бүлэг 2026 оны төсвийн хуульд нэгдмэл байр суурь барьж чадаагүй хэвээрээ байна. Бид энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа.

-Төсөв хэлэлцэх явцад МАН-ын бүлэг завсарлага авлаа. Яагаад төсвийн хэлэлцүүлгийг эрх баригч намын бүлэг явуулахгүй байна вэ?

-Намрын чуулган төсвөө тухтай хэлэлцэнэ гэх шалтгаанаар хагас сарын өмнө эхэлсэн. Төсөв хэлэлцэх үе шат нэмэгдсэн. Төсвийг засаж сайжруулах боломж, хугацаа их байсан. Төрийн албаны тухай хууль, Төсвийн хууль зэрэг олон хууль тогтоомжийг 2026 оны төсвийн хууль зөрчсөн байгааг хэлэлцүүлгийн явцад гишүүд их сануулсан. 2026 оны төсвийн хуулиа эргүүлэн татаад, хуульд нийцүүлэн оруулж ирэхийг ч бид олон удаа сануулсан. Тэтгэврийг хуулийн дагуу 6 хувиар нэмээд, бусад цалин хөлс нэмэхгүй гэж оруулж ирсэн Засгийн газрын төсөв эхнээсээ алдагдалтай байсан. Алдагдалгүй, ямар нэг сахилга баттай төсөв оруулж ирсэн бол бас яая гэх вэ. Гэтэл алдагдалтай төсөв оруулж ирж байж, түүндээ хагас дутуу тооцоо хийснийг анхнаасаа л эсэргүүцэж байсан. Засгийн газар ерөөсөө үг аваагүй. Хүчлээд л явуулсан.

Цалин нэмэх шаардлагатайг олон гишүүн сануулсан шүү дээ. Эцэстээ багш, эмч, ахмадууд гээд олон талын эсэргүүцэл үүсэж, Үйлдвэрчний эвлэл ч оролцлоо. Зүй нь Засгийн газар төсвөө эргүүлэн татаад, ахин ажиллах ёстой байтал “УИХ шийд” гээд оруулаад ирсэн. Төсвийн хуулийг засаж залруулах үүрэг нь ингээд их хурлын ажил болж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажлын хэсгийг ахалж байна. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад 1 удаа олгодог 36 сарын тэтгэмжийг өнжихөөр оруулж ирсэн. Бид энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, хууль зөрчиж байгааг сануулж, хууль зүйн дүгнэлт хүртэл гаргаж өгсөн шүү дээ. Дээрх тэтгэмжийг олгох 178 тэрбум төгрөгийг Төсвийн байнгын хорооны гишүүд унагаахаар шийдсэн байна лээ. Одоо төрийн албан хаагчийн тэтгэмжийг хасах саналыг үлдээхийн тулд чуулганаар “Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих үү” гэдэг томьёоллоор оруулж ирнэ.

Үнэхээр багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд үүнээс өөр арга байхгүй юм уу гээд харахаар бас тийм биш байна. Тухайлбал 178 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тодорхой хувиар бууруулаад, 111 төсөл, арга хэмжээнд санхүүжилт нэмэгдүүлэх санал оруулж иржээ. Зарим нь бүр цоо шинэ төсөл, хөтөлбөр нэмэгдсэн байна.

-Яг ямар ямар төсөл, арга хэмжээний зардлыг хасаж, ямар ямар төсөл, арга хэмжээний зардлыг нэмсэн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Маш харамсалтай дүр зураг харагдаж байгаа. Өнөөдөр бүлгийг ээлжит бусаар хуралдуулж, энэ асуудлыг ярихаас өөр арга байгаагүй. Захын жишээ дурдвал: “Өнөр бүл” төвийн сэтгэц мэдрэлийн өвчтэй хүүхдүүдэд тусад нь эмчилгээ асаргааны төв байгуулах саналыг өнгөрсөн жил яриад, өнөө жилийн төсөвт оруулсныг хасчихсан байгаа юм. Хавдар судлал-2 төвийн төсвийг хассан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төсвөөс хассан байгаа юм. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны төсвөөс хасаад, эргээд бүсийн хөгжил нэрээр 90 тэрбумын яриа тохироо хийнэ гээд оруулаад ирсэн байна. Юу гэсэн үг вэ? Яаж байгаа юм бэ? Юунаасаа хасаад, юу руу оруулах гээд байна вэ? Зам тавих нь хүний эрүүл мэндээс илүү чухал байна гэж үү?

-Өмнө нь тойргийн мөнгө гэж оруулж ирдэг байсан бол энэ удаад бүсийн төсөв болгож оруулж ирлээ гэж шүүмжилж байна?

-Сэтгүүлчид Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаас асуугаарай. 111 төсөл, арга хэмжээнд “Бүсийн хөгжлийг дэмжих төсөл, арга хэмжээ” гээд төсвүүд орсон байна лээ. 96 тэрбумаар нэмсэн, 200 гаруй тэрбумаар нэмсэн төсөв гээд зөндөө л байна. Ногоон хөгжил, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл гэх мэт тэвчиж болох зардал нэмснийг эсэргүүцэж байгаа юм.

-МАН-ын бүлгийн гишүүд нийтээрээ эсэргүүцэж байна уу?

-Эсэргүүцэж байгаа олон гишүүн байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийг Төсвийн байнгын хорооны хурлаар танасныг дэмжихгүй байгаагаа МАН-ын бүлэг мэдэгдсэн. Тэгэхээр “Засгийн газар оруулж ирсэн төсвөө эргүүлэн татаж, шинээр оруулж ир. Эсвэл ахин засаж, оруулж ир. Өөр арга байхгүй” гэдгийг хэлсэн.

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийн хүч түрсэн төсөв болчхоод байна. АН-ын бүлгээс шахаж байгаа 178 тэрбум төгрөг, Б.Пүрэвдорж гишүүн ч шаардсан гээд хэдэн тэрбумын төсөл байгааг бүлгийн гишүүдэд танилцууллаа. Миний онцолж харсан, хасагдсан төсвүүдээс гэвэл Хавдрын эмнэлэг, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн төсөв танагдсан нь харамсалтай байлаа. Ийм чухал төсөл, хөтөлбөрүүдийг хасчхаад эргүүлээд, Ховд аймгийн Зэрэг суманд бизнес инкубатор төв байгуулна, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд парк байгуулна гэж төсөв нэмж оруулж иржээ. Юунаас хасаад, юуг нэмж байгаа нь энэ вэ? Бид чинь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмье гэж л ярьсан шүү дээ. Болохгүй бол төсвийн хэлэлцүүлгийг 1-2 шатаар буцаах нь уу. Ямар ч байсан бүлгээс зарчмын шаардлага тавьж таарах байх.

-МАН-ын хагарал ахиад төсөв батлахад нөлөөлөөд байгаа юм биш үү?

-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн гацааг  арилгуулахаар эвлэрлийн ажлын хэсэг хүртэл байгуулсан шүү дээ. Парламентын дэд даргыг томилж, ажлаа шуурхайлах оролдлогыг бид хийж байгаа ч АН тодорхой саад учруулсаар байна. Дэд даргыг томилох асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахад, Б.Пүрэвдорж дарга УИХ-ын дэгийн тухай хууль зөрчөөд хасчихсан. Өчигдөр хүртэл их хурлын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг оруулах гэтэл АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч, ажил уяад байна. Сөрөг хүчин биднийг төсвөөр барьцаалж, дэд дарга томилох боломжийг хааж байна гэж би хувь гишүүний зүгээс хардаж байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *