Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулж, хурлын тэмдэглэл гаргалаа. Энэхүү тэмдэглэлд “Капитал”, “Чингис хаан” банкнаас НДС-гийн төлбөрт авах эд хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагад шилжүүлэх тухай тусгажээ. Эд хөрөнгийг худалдан борлуулах болон бусад арга замаар Нийгмийн даатгалын санд төлөх өр, төлбөрийг барагдуулах асуудлыг тус яам судалжээ.
“Капитал”, “Чингис хаан” банкнаас Нийгмийн даатгалын санд төлөх өр, төлбөрийн барагдуулалт, өр төлбөрт тооцон хүлээн авсан үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, харилцан санал, мэдээлэл солилцлоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Сангийн яам, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, “Чингис хаан” банкны төлөөлөл багтаж байна.
Цаашид “Капитал”, “Чингис хаан” банкнаас хүлээн авсан хөрөнгө болон өр төлбөрт санал болгосон хөрөнгүүдийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудад шилжүүлэх, худалдан борлуулах боломжтой эсэхийг судалж, саналаа нэгтгэн, Засгийн газарт танилцуулахаар тогтлоо.
