Их хурал дахь МАН-ын бүлэг 2026 оны төсвийг батлахад нэгдмэл байр сууриа хадгалж чадахгүй ахин дахин завсарлага авсаар байна. Энэ талаар П.Сайнзориг гишүүнээс тодрууллаа.
-МАН-ын бүлэг яагаад төсвийн хуулийг гацаагаад байна вэ?
-Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэх мөнгө байхгүй гэж олон нийтийг төөрөгдүүлж байсан байна. Маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг кнопны наймаа хийхэд зарцуулсан нь өнөөдөр ил болж байна. 1,1 их наяд орчим төгрөгийг кнопны наймаанд зарцуулжээ. Ажлын хэсгийн дарга Х.Ганхуяг хүртэл өөрөө мэлзэж байна. “Би ч мэдээгүй байхад АН-ын зарим гишүүн оруулчихсан байсан” гэж хэлж байх жишээтэй.
635 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл, хөтөлбөрүүдийн эхний хэсгийг буюу 178 тэрбумын санхүүжилтийг 2026 онд АН-ын тойрогт тавьж өгч байгаа юм байна. Энэ бол Засгийн газрыг авч үлдэх кнопны наймаа цаана нь явсан байна гэх хардлагыг баталгаажуулж өглөө. Энэ бол улс төрийн том хулгай, төрийн хулгай, авлига. Ийм зүйлсийг бид хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй.
Энэ төсвөө Засгийн газар буцаан авч, ахин өргөн барих шаардлагатай. Шаардлагагүй хөрөнгө оруулалтаа хасаж, эмч нарын цалинг нэмж оруулж ирэх боломж байна. Багш нарын цалинг үе шаттай нэмэх хугацаагаа ч наашлуулаад яваг. Мөнгө байсан байна.
-Ямар чухал зардлуудыг хассан байна вэ?
-Мөнгө байхгүй гэх нэрээр донорт зарцуулах мөнгийг хассан. Цэцэрлэг, сургуулиудын зардлыг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зардлыг хассан байна. Тэгснээ Баян-Өлгийд парк барина, Ховдын 1 суманд бизнес инкубатор төв байгуулна гээд 7,5 тэрбумыг тавьсан байх жишээтэй. Архангай, Өвөрхангайд зам тавина. Анагаахын шинжлэх ухааны их сургуульд 10 тэрбумаар спорт заал барих гэж байна. Бүсийн хөгжил нэрээр 224 тэрбум төгрөгийг тойргоос сонгогдсон гишүүдийн тойрогт өгчээ. 6 бүсэд хувааж өгөхөөр болсон байна лээ.
-Одоо цаашид яах ёстой вэ?
-Ийм л учраас бид Засгийн газарт хариуцлага тооцох ёстойг хэлж байсан шүү дээ. Засгийн газрыг авч үлдэхийн төлөө АН-ын зарим гишүүн ажиллаад байсан нь кнопны наймаатай холбоотой байж.
-Төсөв батлах хуулийн хугацаа дуусахад 10 хоног дутуу байна. Одоо буцаан татаж, дахин боловсруулах хугацаа байгаа гэж үү?
-Шинжлэх ухааны салбарт өгөх бүх зардлыг хассан. Архангай, Өвөрхангай, говийн бүсэд их хэмжээний мөнгөөр зам тавихаар тусгасан байна. Төвийн бүс, Хөвсгөл, Баян-Өлгийд бас шаардлагагүй санхүүжилт байна. Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Ганхуяг гишүүн өөрөө мэдэн будилаад байгаа юм. Тиймээс би бас Х.Ганхуяг гишүүнийг ажлаа өг гэж байгаа. Бид өнөөдөр шүгэл үлээж, кнопны наймааг зогсоохын төлөө ажиллана.
-Төсвийн ажлын хэсэгт АН-аас ямар гишүүд багтсан юм бол?
-П.Мөнхтулга тэргүүтэй гишүүд байгаа. Олон нийт харж байгаа байлгүй. Өнгөрсөн 1 сарын хугацаанд мань мэт нь хамаг муугаараа л дуудууллаа. Гэхдээ бид татвар төлөгчдийн мөнгийг кнопны наймаа, авлигын санхүүжилтэд зарцуулахыг дэмжихгүй. 111 төслийн 70 орчим хувь нь шинэ төсөл байна лээ.
-Судалгаагүй төсөв орж ирсэн гэсэн үү?
-Зураг төсөлгүй төслүүдийг санхүүжүүлнэ гэж байна. Ажлын хэсгийн ахлагч, байнгын хорооны дарга нь “Би хүчинд автаад санал хураачихсан” гээд байгаа юм. Уг нь байнгын хорооны дарга нь санал хураалгахгүй, явуулахгүй байх бололцоотой. Тэгэхээр хуйвалдсан л гэсэн үг.
-Танд өмнө нь дарамт ирж байсан гэсэн. Ахиж дарамт ирж байна уу?
-Зөндөө дарамт ирж байгаа. Яг үнэндээ би тэсээд гарах ёстой. Би энэ болгоноос болоод дуугүй болж болохгүй шүү дээ. Цаашдаа хариуцлагын асуудал шат шатандаа ярина гэдгээ шулуухан хэлье.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
