МАН доторх албан тушаалын зодоон Г.Занданшатарын Засгийн газрыг дахин унагах нь


Багш нарын цалинг ирэх онд 76 хувиар нэмэх амлалт өгч, үүрэг хүлээсэн Засгийн газрын өмнө эмч нарын цалинг нэмэх өр үүссэн нь багагүй дарамт болж байна. Дээрээс нь дотроо хагарсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Г.Занданшатарын Засгийн газрыг ажлаа хийх боломжоор хангахгүй нь тодорхой боллоо.

Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд 2026 оны төсвөөс танасан хөрөнгө оруулалтуудыг чухал, чухал бишээр ялган, Засгийн газрыг дарамталж байгаа бол тойргоос сонгогдсон түшээд нь тойрогт тавиулсан хөрөнгө оруулалтаа хасуулахгүйн тулд сайд нарыг барьцаалж байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа Г.Занданшатарын Засгийн газрын ирэх оны төсвийг 126 гишүүнтэй анхны парламент баталж өгөх эсэх нь эргэлзээтэй боллоо.

МАН-ын жагсаалтаар сонгогдсон гишүүд Засгийн газрыг их хурлын гишүүдтэй төсөв хуваарилах замаар наймаа хийсэн хэмээн буруутгаж байгаа юм. Тодруулбал: Төв, хангай, хойд, говийн бүсэд шаардлагагүй төсөл, хөтөлбөрүүдийг шинээр нэмсэн хэмээн шүүмжиллээ. Түүнчлэн Засгийн газар Ардчилсан намын гишүүдтэй төсвийн санхүүжилтээр кнопны наймаа хийчихжээ хэмээн хардаж байгаагаа нуусангүй. Үндсэндээ эрх баригч намаас жагсаалтаар их хуралд орж ирсэн гишүүд 2026 оны төсвийн хуулийг эргүүлэн татаж, дахин боловсруул гэдэг шаардлага тавьж эхэллээ.

Харин нөгөө талд нам харгалзахгүйгээр нэгдсэн, тойрогт нэр дэвшиж тодорсон гишүүд мандат авсан бүсийнхээ санхүүжилтийг хасуулахгүй гэдэг байр сууриа хадгалсаар байна. Тодруулбал: Ховд аймагт бизнес инкүбатор төв шинээр байгуулна, Баян-Өлгий аймагт цэцэрлэгт хүрээлэн барина, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд парк байгуулна гэх зэрэг шаардлагагүй 111 төсөл, хөтөлбөрийг 2026 онд санхүүжүүлнэ хэмээн зүтгүүлсээр явна. Бүсэд 3-4 аймаг багтаж байгаа болохоор дунд нь хийх цөөхөн ажил бий. Бүсүүд өөрсдөө аль аймаг, сумандаа юу хийх талаараа саналаа гаргасныг 2026 оны төсөвт суулгасан. Яамдын эрэмбэд орсон ажлыг төсөвт маш цөөн суулгасан тул хасаж болохгүй гэдгээ илэрхийлсээр.

Харин төсвийн ажлын хэсгийг ахалж байгаа Х.Ганхуяг гишүүн эрх баригч намын бүлгийн зөрчил төсөв батлахад гацаа үүсгэж байгааг ил цагаан зарлалаа. Төсөв хэлэлцэх үеэр жагсаалтаар сонгогдсон гишүүд хурлаа хаян гарч явснаар төсвийн хэлэлцүүлэгт АН-ын гишүүд олонхыг бүрдүүлж, өөрсдийн бүсэд санхүүжилт тусгуулсан гэнэ.

Хуулийн дагуу өрнөж байгаа процессыг МАН-аас жагсаалтаар сонгогдсон гишүүд мушгиж, улмаар төсөв батлах явцыг шантаажилж гацаасан хэмээн тайлбарласан юм. Эрх баригч намын жагсаалтаар сонгогдсон гишүүд их хурлын дэд даргын томилгоог төсвийн хэлэлцүүлгээс өмнө шийдэхийг шаардах болжээ.

Бараг хоёр сар гаруй үргэлжилсэн албан тушаалын төлөөх МАН доторх зодоон 2026 оны төсвийг хугацаанд нь батлахад үүссэн том саад боллоо. Г.Занданшатарын танхим эмч нарын цалинг 15 хувиас илүү нэмэх нь битгий хэл, багш нарт амласан цалингийн 76 хувийн нэмэгдлээ ч төсөвтөө суулгаж чадахгүй ахин ацан шалаанд оржээ. МАН-д төр барих эрх олгосныхоо шанд монголчууд 3 долоо хоног цэцэрлэг, сургуульгүй зүдэрсэн. Одоо хахир өвлийн хүйтэнд өвчнөө үзүүлж харуулах эмнэлэггүй болж, үйлийн үрийг эдлэх нь үү?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *