Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Х.Булгантуяа, П.Сайнзориг, Ч.Номин, М.Нарантуяа-Нара… гээд төрд байгаа хүмүүсээ сайн хар даа, багш нар аа! Тэд бол та бүхний бий болгосон бүтээгдэхүүн. Ядахад ичих булчирхайгүй. Яг багш нар шигээ. Энэ улсын бодит төрх, байгаа байдал энэ. Ийм хүмүүсийг бий болгож, ийм хүмүүсийн гараар Монголыг ийм болгосон хүмүүс нь багш та өөрөө. Одоо тэгээд тэднээсээ “Цалин нэм” гэж шаардаж, ажил хаяж байж, арайхийж хэдэн төгрөг нэмүүллээ.
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Нямдорж, Ч.Сайханбилэг… гээд өмнөх удирдагч нараа сана. Тэднийг бий болгосон багш нар нь одоо “Тэтгэврээ нэмүүлье” гээд байж л байна. Үйлийн үр гэдэг чинь энэ. Багш нарын үйлийн үр нь улстөрчид. Сайн үйл хийвэл сайхан л үр дүн гарна. Муу үйл хийвэл таагүй үр урхаг үүснэ. Юу ч хийхгүй байсан ч урхагтай.
Миний мэдэх нэгэн цагдаад ажил тарсны дараа чухал мэдээлэл ирсэн ч “Маргааш болъё. Ажлын цагаар л ажлаа хийнэ” гээд хөдлөөгүй. Тэгээд яасан гээч. Тэр этгээд тэр орой эхнэрийг нь луйвардсан юм. Мэдээлэл ирсэн даруй түүнийг саатуулсан бол тийм юм болоо ч уу, үгүй ч үү. Маргааш нь түүнийг саатуулсан ч ямар ч мөнгө байгаагүй. Тэр мөнгө тэр цагдаагийн л мөнгө шүү дээ.
Ийм хүмүүсийг бий болгож, ийм хүмүүсийн гараар Монголыг ийм болгосон хүмүүс нь багш та өөрөө
Багш хүн өнөөдөр хичээлээ сурагчдад ойлгуулж чадаагүй бол маргааш тэр сурагч нь багшийн цалинг яагаад нэмэх ёстойг ойлгохгүй. Цагаа бүртгүүлж, цалин авахыг зорилгоо болгон, түүндээ ялархаж явдаг багш нарыг олон мянган хүүхдүүд харж л байгаа. Ичдэг ч үгүй. Улстөрчид шигээ ичих булчирхайгүй. Би ч тийм олон багш нарын гараар орсон хүн. Миний мэдэх багш нар дотор сайн багш 3 л бий. 60-аас 3 шүү дээ.
Хичээлээ яаж хүүхдэд ойлгуулах вэ гэж бодохын оронд сурагчийнхаа өмссөн хувцас, үсний засалтыг гоочилж, хичээлийн цагаар хэрүүл хийгээд өнгөрүүлдэг багш нар зөндөө. Тэд Япон, Солонгост очвол Монголд байдаг шиг нь цаг нөхцөөлгөхгүй. Ажлыг яс хийлгээд, яг таарсан цалинг нь өгдөг. Одоо цалинг нь нэмсэн юм чинь таарсан чанарыг шаардах ёстой.
“Одоо боловсролын чанартаа анхаарцгаая. Хичээл болгон сайн байхаар хичээж ажиллаасай. Хичээж заагаасай. Хичээж сургаасай гэж хүсэж байна. Хичээлээ сайн заагаарай гэж багш нартаа уриалъя” гэж Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын ажил хаялт зогсмогц уриалсан. Эцэг эхчүүд бүгд үүнийг 2 гараа өргөн дэмжиж байна.
Нийгэмд янз бүрийн л ажил мэргэжил бий. Түүн дундаас лав л Монголд байсхийгээд ажил хаядаг, ажил хаялтаараа тэргүүлдэг мэргэжлийнхэн бол багш нар. Тэдний дараа эмч нар, тэгээд Улаанбаатар хотын нийтийн тээврийнхэн орно.
- 1995 оны 4-6 дугаар сард багш нар орон даяар 143 хоног ажил хаяж байв. Түүнийхээ үрээр цалингаа нэмүүлээд зогссонгүй. Сар бүр 9-27 цаг илүү ажиллаж сэдэв боловсруулсны, дэвтэр зассаны, анги даасны, кабинет хариуцсаны, мэргэжлийн зэргийн, жижүүрлэсний, анги дэвших болон улсын шалгалт авсны, дугуйлан хичээллүүлсний гэх мэт нэмэгдэл авдаг болжээ.
- 2010 онд зарим нэмэгдлийг нь хассанд дургүйцэн ажил хаясанаар, 2011 оны 1-р сараас буцаагаад нэмэгдлээ авч, цалингаа нэмүүлжээ.
- 2011 оны 11-р сард дахин ажил хаяж, цалингаа 23%-иар нэмүүлэв. Ажил хаях ийм л ашигтай.
- 2017 оны 9-р сард яг хичээл орох гэтэл багш нар цалингаа 1.6 сая болгуулахаар ажил хаясан. Засгийн газар тэр үед багш нарын цалинг 30% нэмэх гээд тоо бодож байлаа. Араас нь эмч нар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид залгасан. Цалингаа нэмүүлэхийг хүсдэггүй хэн байх билээ.
- 2018.09.01-нд багш нар ажил хаяж, цалингаа 1.6 сая төгрөг болгохыг шаардсан. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 8-30% нэмэхдээ бага ангийн багш, сувилагч нарын цалинг илүүтэй нэмсэн юм. Гэсэн ч түүнийг голсон юм.
Миний санахын багш нар 6 дахь удаагаа ажил хаяв. Тэр бүрт Засгийн газар цалинг нь нэмдэг ч эргүүлээд, чанар шаардаж байсангүй. Зүгээр л нэмдэг. Зүгээр л авчихдаг. Цалингаа нэмүүллээ гээд багш нар заах арга барилаа сайжруулж, хүүхдүүдэд сэтгэл гаргаж байсангүй.
Эцэст нь боловсролын салбараа хар. Бий болгосон бүтээгдэхүүнүүдээ хар. Багш нараас онц дүн авч, олны өмнө магтуулж явснууд дундаас авлигач, ард түмний хөрөнгийг завшигч олон төрсөн байна уу? Одоо бий болгож байгаа, удахгүй амьдралд гаргах бүтээгдэхүүнүүдээ хар. Уншсанаа ойлгох чадваргүй гэсэн шившигтэй үнэлгээ ПИСА-гаас авсан. Шившигтэй юм. Ийм сурагч бэлтгэж байгаа багш нар шившиг.
