Хүүхэд хүчиндсэн цагдааг 12 жил хорих ялыг хэвээр нь үлдээлээ


Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа гэртээ 12 нас 10 сартай Х гэдэг хүүхдийг хүчиндсэн Э гэх цагдаад  оноосон ялыг хэвээр нь үлдээснийг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан мэдээллээ.

Анхан шатны шүүх хохирогч Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Э-г бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 12 жил хорих ял оноосон байна. Шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч нар уг ялыг эсэргүүцэн давж заалджээ. Жигтэй нь хохирогчийн ээж Б нар уг хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар шүүхэд ханджээ.

Давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд “Хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй, эргэлзээ бүхий, бага насны хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгон, Э-г цагаатгажээ. Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд үндэслэл эргэлзээ гарсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заааснаар  шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэдэг байна. 

Хохирогч 3 удаа мэдүүлэг өгсөн аж. Эхний мэдүүлэг авах ажиллагаа нь хууль зөрчсөн тул нотлох баримтаар үнэлээгүй бол 2 дахь мэдүүлэгтээ Э-тэй бэлгийн харьцаанд орсон талаар тодорхой мэдүүлсэн байна. Эл мэдүүлгээр хэргийн үйл баримт нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалаар дүгнэсэнчлэн үл няцаан үгүйсгэгдэх үндэслэл бүхий эргэлзээ энэ хэрэгт гараагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв. Учир нь хохирогч 3 дахь мэдүүлэгтээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Э-тэй бэлгийн харьцаанд ороогүй хэмээн мэдүүлж, урьд өгсөн мэдүүлгээ өөрчлөн мэдүүлсэн байна. Тэрбээр урьд нь бусадтай бэлгийн харьцаанд орсны улмаас уг цагдаа ял шийтгүүлсэнд өөрийгөө буруутгадаг. Мөн ээж нь “Чи гэрээсээ гарч яваагүй бол энэ хүмүүс хэрэгт орохгүй шүү дээ” хэмээн зэмлэж байсан учир мэдүүлгээ өөрчилсөн гэж шүүх үзсэн ажээ.

Э хүүхдийн эсрэг хүч хэрэглэх, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд ороогүй боловч 12 настай уг хүүхэд гэрээсээ дайжиж хэсэн тэнүүчилдэг, ар гэрийн хараа хяналт сул зэрэг байдлыг ашиглан, түүнтэй бэлгийн харьцаанд орсон нь хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж УДШ үзэв. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *