“БНХАУ-аас Монголд ирсэн эмч 9 настай охинд зүү эмчилгээ хийж, хараа оруулсан” гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Бичлэгт гарсан эмч бол БНХАУ-ын иргэн Ван Жан Дэ гэгч. Түүнийг 2025 оны 6-р сард “Энхсаран” эмнэлэг холбогдох баримт, бичгүүдийг нь бүрдүүлэн, Монгол Улсад авчирчээ. Энэ талаар “Энхсаран” эмнэлгээс тодруулахад “Ван Жан Дэг бид БНХАУ-ын нэгэн эмнэлгээр дамжуулж, Монголд авч ирсэн. Тэр ирсэн даруйдаа орон нутгаар явж, зүү эмчилгээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бид зөвшөөрөөгүй. Тэр манай эмнэлэгт ердөө 20 хоног л ажилласан. Тэгээд Өмнөговь, Хэнтий зэрэг аймгаар явж, хүмүүст зүү эмчилгээ хийсэн байна. Бид үүнийг нь сонсоод, хүний амь, эрүүл мэнд хохирвол манай эмнэлэг буруудна гээд Ван Жан Дэтэй хамтран ажиллах гэрээг цуцалсан. Хамгийн сүүлд Сүхбаатар аймагт очиж, 9 настай охиныг хараа оруулсан гээд нэг бичлэг үзсэн” гэж тайлбарлав.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “10-р сарын сүүлчээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт “Эмчилгээ хийх зөвшөөрөлгүй хүн зүү эмчилгээ хийж байна” гэх гомдол бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулсан ч хүний амь, эрүүл мэнд хохирсон асуудал гараагүй байсан тул Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Тагнуулын ерөнхий газраас холбогдох байгууллагуудад нь шилжүүлсэн. Түүнийг торгосон гэх мэдээлэл байна” гэсэн хариу өглөө.
Тэгвэл тухайн иргэнд ямар хариуцлага тооцох талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга М.Одгэрэлээс тодруулахад “Энхсаран” сувилалд харьяалалтай байж байгаад гэрээгээ цуцалсан тул Эрүүл мэндийн яам, болон Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хариуцлага тооцохгүй. “Энхсаран” сувилалд оруулж ирсэн гэдэг нь үнэн. Гэвч тухайн Хятад улсын иргэн нь гэрээгээ цуцалсан. Иймд ямар нэгэн харьяалалгүй, эмчлэх эрх аваагүй хүнд хариуцлага тооцох чиг үүрэг бидэнд байхгүй” хэмээв.
Иймээс манай иргэд гадаадын эмч нарт хандах бол Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан эсэх, тухайн хүнийг эмч гэдгийг нотлох баримт бичиг байгаа эсэхийг нягталж байхыг албаныхан анхаарууллаа.
