Япон улсын нийслэл Токио хотод дифлимпийн XXV наадам энэ сарын 15-26-ны өдрүүдэд болно. Энэ наадамд 81 улсын 3200 гаруй тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөх юм. Манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн дохионы хэлийг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэд анх удаа “International Silent Games” олон улсын тэмцээн зохион байгуулсан түүхтэй. Монголын баг тамирчид энэ наадмаас өмнө нь 2 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байв.
