Сонсголонгийн төмөр замын гармыг автомат саадтай, жижүүртэй болголоо


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Сонсголонгийн төмөр замын 2-р километр дэх гармыг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг бүрэн тоноглож, автомат саадтай, жижүүрийн зохицуулалттай болголоо. Үүгээр Улаанбаатар хотод оруулж ирж буй газрын тосны бүтээгдэхүүний 60 хувийг тээвэрлэдэг. Том оврын ачааны машин байнга зорчдог. Хот хоорондын автобус энэ гармаар нэвтэрдэг. Энэ чухал, ачаалалтай гарам дээр машины хөдөлгөөнийг зогсоох автомат саад байхгүй, гэрлэн дохиогоор л тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулж байв.

Өдөрт 70 мянган машин өнгөрдөг энэ төмөр замын гарам дээр 2025 он гарсаар галт тэрэг, машин мөргөлдсөн 2 осол гарчээ. Жолооч нар галт тэрэг ирж байгааг хараагүй гэж тайлбарладаг аж.

Тиймээс машин болон галт тэрэг мөргөлдөх эрсдэл өндөр. Энэ гармыг бүрэн тоноглож, байнгын жижүүртэй болгосноор галт тэрэгтэй машин мөргөлдөхгүй болж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангалаа. Уг гарам дээр тээврийн хэрэгслийн дугаар таньдаг камер суурилуулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *