Завхан аймгийн Яруу сумын нутагт ижлээсээ хоцорч, хээр шархадсан хунг Ховд аймгийн Дөргөн суман дахь Хар-Ус нуурын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хүргэжээ. “Мэдээлэл, холбооны сүлжээ” компанийн Яруу салбарын ажилтан Б.Санжжамц 11 дүгээр сарын 8-нд Улиастайгаас Яруу сум руу явах замдаа Хатавчийн давааны Хөндлөнгийн голын ойролцоо цасан дээр ганц хун байхыг олж харжээ. Бэртсэн тэр хунг тас шувуу зооглохоор дайрч байсан аж.

Тэрээр уг хунг машиндаа хийж, Яруу суманд хүргэж, тус сумын байгаль хамгаалагч С.Сүхбаатарт хүлээлгэн өгч, дулаан газар байрлуулжээ. Байгаль хамгаалагч уг шувууг 11 дүгээр сарын 9-нд хүлээн авч, хөл, далавч нь гэмтсэнийг тогтоон, аймгийнхаа Байгаль орчны газрын байгаль хамгаалагч нартай хамтран эмчилсэн аж.

Ингээд Ховдын Дөргөн сум руу хүргүүлж, Хар-Ус нуурын УТХГХЗ-нд хүлээлгэн өгөв. Хунг Хар-Ус нуурын хөлддөггүй тохойд тавьж, усанд өвөлжүүлэх юм байна. Дөргөн сумын байгаль орчны ажилтан хунг хүлээн авснаа мэдэгдэж, шаардлагатай эмчилгээ, сувилгааг хийж байгальд нь эргүүлэн тавихаар болсон тухай Завхан аймгийн Байгаль орчны газар мэдээллээ.

