1111 төвд 10-р сараас 11-р сарын 7-ны хооронд ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой 134 санал, гомдол иржээ. Тухайлбал: Иргэн Л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ерөнхий гүйцэтгэгчийн багт ажилласан байна. Тэр нурууны суулт гэсэн оношийн улмаас ажлаасаа гарчээ. Нурууны диск солиулах хагалгаанд орох заалттай ч мөнгөгүй. Түүний хувьд 9-р сард ажлаа хүлээлгэж өгсөн ч өнөөдрийг хүртэл ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй байгаа юм. Дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтсээс лавлахад “Санхүүжилтгүй” гэж хэлдэг байна.
Энэ мэтчилэн ажилгүйдлийн тэтгэмжийг цагтаа авч чадалгүй 3-4 сар хүлээх тохиолдол иргэдийн дунд нийтлэг байна. Тэгвэл энэ нь ажил олгогч болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын дунд үүссэн гинжин өртэй холбоотой аж. Үндсэндээ НДС-д мөнгө төвлөрөхгүй хоосорсон нь ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байх шалтгаан болоод буй.
Ажилгүйдлийн даатгалын санд 28 тэрбум төгрөгийн өр үүсжээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг “Есдүгээр сард 456 хүнд ажилгүйдлийн тэтгэмжийг нь олгоогүй байсан. Үүнд 770 орчим сая төгрөг шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд сарын дундуур шимтгэлээ бүрэн төлдөггүй нь сангийн орлого тасалдахад хүрч байна. Нийт 60 мянга гаруй ажил олгогч байгаагаас 50 хувь нь буюу 30 мянга гаруйд нь 743 тэрбум төгрөгийн шимтгэл төлөх өр үүссэн. Энэ нь Нийгмийн даатгалын 5 санд үүссэн өр. Үүнээс Ажилгүйдлийн даатгалын санд 28 тэрбумын өр үүссэн. Бид орлого орж ирмэгц даруй хуваарилдаг. Одоогоор есдүгээр сард хүсэлт гаргасан хүмүүсийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож эхэлсэн” гэлээ.
Хэрэгжүүлэгч агентлаг ийнхүү мэдэгдсэн бол Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Энэ онд НДЕГ ажилгүйдлийн тэтгэмжид 161.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүнээс 28.200 хүнд 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон. Үндсэндээ 1-8 сарын хооронд ажилгүйдлийн тэтгэмж саадгүй олгогдож байсан. Харин есдүгээр сараас эхлэн тасалдсан. Есдүгээр сард ажилгүйдлийн тэтгэмж авах 490 хүнд 780 сая төгрөг олгоно” гэсэн юм.
Ноднин ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ. Энэ оны 1-8 сарын хооронд 28.200 хүнд ажилгүйдлийн тэтгэмж олгосон. Үүнийг өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад ажилгүйдлийн тэтгэмж авах хүний тоо 4.2 мянгаар нэмэгдээд байна.
Нэг хүн дунджаар 5.5 сая төгрөгийн тэтгэмж авдаг
Нэг хүнд дунджаар 5.5 сая төгрөгийн тэтгэмж олгодог байна. Ажилгүйдлийн тэтгэмж бол ажилтай байхдаа төлсөн шимтгэлээ ажилгүй болсон хойноо Нийгмийн даатгалын сангаас авдаг мөнгө. Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд даатгуулагч ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. Тэтгэмжийг Ажилгүйдлийн даатгалын сангаас олгож, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд ортлоо орлоготой байх нөхцөлийг хангаж буй амьдралын баталгаа.
Харин өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авсан бол дахин 12 сар, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 3 сар нь тасралтгүй төлсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх дахин үүсдэг. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн дараалсан есөн сарын цалингийн дунджаас бодож, нийт 76 хоногийн тэтгэмж олгохоор заасан. Энэхүү тэтгэмжийг
- 1-5 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 45
- 5-10 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 50
- 10-15 хүртэл жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 60
- 15 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэмж бодох хувь 70-иар тооцон олгодог.
Тухайлбал, сарын 2 сая төгрөгийн цалинтай, 4 жил ажилласан хүн ажилгүй болбол сард 900 мянган төгрөгийн тэтгэмж авна. Ажилгүйдлийн тэтгэмжийг 3 сар олгодог. Тэгэхээр нийтдээ 2.7 сая төгрөгийн тэтгэмж авна гэсэн үг.
Иргэн ажлаасаа гарахаар шийдэн, ажил олгогчтой тооцоо хийж дууссанаас хойш 4 долоо хоног буюу 28 хоногийн дотор аймаг, дүүргийнхээ Нийгмийн даатгалын газарт тэтгэмж авах хүсэлтээ биечлэн болон цахимаар гаргадаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгө олгох хуваарь гаргадаг. Гэвч ажилгүйдлийн тэтгэмж тогтсон хугацаанд ордоггүй, 2-3 сар хүлээх нь иргэдэд чирэгдэл учруулж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр суутгаж авдаг шигээ ажилгүйдлийн тэтгэмжийг ч хугацаандаа олгодог байх шаардлагыг иргэд уламжилж байна.
