Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар өчигдөр орой Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзав. Өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэх талаар бодит тооцоо гаргаснаа танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын 3 талт хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Иймд эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр ажил хаяхгүй.

Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийг өчигдөр орой Эрүүл мэндийн яаманд хийв. Үүгээр эрүүл мэндийн салбарын ажилчдын ажил хаялт 1 хоног хойшиллоо.

Эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг 2026 онд үе шаттайгаар 75 хувь нэмэх, 2027 онд 3,5 сая төгрөгт хүргэх урьдчилсан зөвшилцөлд хүрсэн байна. Уг хэлэлцээрийг өнөөдөр албан ёсоор баталж, ГБХНХЯ-нд бүртгүүлнэ. Үүгээр маргаан дуусгавар болж, ажил хаялт бүрэн дуусах юм.
