Хамгийн олон гишүүнтэй атлаа яг цагаа тулахаар МАН-д Монголын ирээдүйг атгуулчих хүн алга шив. Улс төрд одоо идэвхтэй байгаа гишүүдийг нь шүүвэл гайхуулах юм даанч алга. Өнөө л муу нэрт, луу данстангууд. Монголд эзний ёсоор хандах нь байтугай мэргэжилдээ ч эзэн болоогүй, муу сурлагатангууд. Авах идэхийн дон шүглэсэн, АТГ-ын үүдийг сахих ээлжээ хүлээж байгаа шуналтнууд. Адгийн юмнууд хоорондоо өрсөлдөж, албан тушаалд очихоор алалцаж, адаг сүүлд нь улс орноо ч баллах юм. Хамгийн олон жилийн туршлагатай, хамгийн олон гишүүнтэй, хамгийн хамгийн … гэдэг тодотголтой энэ нам хамгийн адгийн нам болжээ.
Энэ намын дарга болох хүн нь төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын дарга болно. Тиймээс энэ намын асуудал миний, чиний, таны, бид бүгдийн асуудал болчхоод байх юм, зовлонтой. Хуралд нь сууж санал өгөхгүй ч хошуу дүрэхийн учир ийм. Гишүүн нь биш атлаа дарга нь хэн болох тухайд санаа зовох шалтгаан энэ.
Нэр цэвэр, авлигад сарвайхгүй, улсын төсөвт шунахгүй, хуулийн цоорхой хайхгүй хүн гарч ирээд, нэрээ дэвшүүлбэл дэмжээсэй дээ. Даанч тэгэхгүй л дээ. Тус намын үндсэн дүрэмд намын дарга ямар хүн байхыг заагаагүй атал МАН-ын УЗ-өөс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар “УИХ-ын гишүүн байх ёстой” гэсэн шалгуур цээжнээсээ гаргаж ирсэн юм. Энэ бол намын дарга аль хэдийнэ тодорсны илрэл. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, эдийн засагч Б.Лхагважав мэтийн хүмүүсийг өрсөлдүүлэхгүй байх, хэдийнэ гарчихсан шийдвэрийг нураахгүй байх гэсэн хамгаалалт. Ерөнхий удирдаачийнхаа дохиураар нэг хүнийг сонгохоор МАН-ын их хурал гэх найрал Буянт-Ухаа спортын ордонд тоглолтоо эхлэхэд бэлэн болж байна.
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар орондоо хэнийг дэвшүүлэх бол?
ХЭН Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ОРОНД ӨРСӨЛДӨХ ВЭ?
Сайн найз Л.Оюун-Эрдэнийнх нь үеэл Х.Нямбаатар уу? Тэр МАН-ын даргын өрсөлдөөнд оролцохгүй гэдгээ зарлалаа. Оролцвол ялах магадлал тийм ч өндөр биш. МАН-ын дарга боллоо гээд УИХ-ын дарга болж чадахгүй. Тэр УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайдын суудалд санаархъя гэх нь ээ, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд хэт өндөр даваа давах хэрэгтэй болно. Бүтэхгүй. Авирч яваад давж чадалгүй буцаад өнхөрвөл Хангарди ордонд биш, хотын гудамжинд ойчно. Түүний оронд нийслэлийн засаг даргын сандалдаа шигдсэн нь өлзийтэй. Үүнийгээ ойлгосон Х.Нямбаатар Хангардиас холдохгүй. Тиймээс ч энэ өрсөлдөөнд оролцож, Д.Амарбаясгалан шиг амиа хорлохгүй байхаар тэр шийджээ. Түүнийхээ шанд хотын захирагчаараа үлдэхээр Ерөнхийлөгчтэй тохирсон юм гэнэ.
Д.Амарбаясгалан шиг амиа хорлохгүй байхаар Х.Нямбаатар шийджээ
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэр сонсогдож байгаа ч дэмжлэг авч шалихгүй л болов уу. Тэр бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан аав Ч.Ганзоригоороо өргүүлж, улс төрд, албан тушаалд очсон азтай хүү. Аав нь “Жаст”-ын Ш.Батхүүг “аавынх” руу илгээсэн гэх нэр зүүсэн. Өмнөд Африкийн “Стандарт” банканд тавьсан өрийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК төлсөн гэлцдэг. Г.Тэмүүлэнгийн ээжийн эзэмшдэг “Спа цогцолбор” компани ЖДҮС-гаас 700 саяын зээл авсан гэх муу нэртэй, луу данстай.
Уг нь Г.Тэмүүлэнд МАН-ын дарга болох хүсэл бий. Түүнийгээ ч ил илэрхийлсэн удаатай. Л.Оюун-Эрдэнийг огцруулсны дараа шинэ Ерөнхий сайдыг тодруулах МАН-ын бага хурлын үеэр өнгөрсөн 6-р сард заалнаас нэрээ дэвшүүлэн, Ерөнхий сайдад Г.Занданшатартай хамт өрсөлдсөн хүн. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр түүнийг заалнаас нэр дэвшүүлсэн ч Г.Занданшатарыг бараагүй юм. Энэ удаад Г.Занданшатар өрсөлдөхгүй учир өлхөн дарга болно гэж тооцож байж ч болох шүү дээ.
Гэвч өөрөө хөдөлмөрлөж үзээгүй, баян айлын эрх бацаануудад ард олон талгүй. МАН-ын дарга болсон хүн УИХ-ын дарга болох магадлал маш өндөр. Төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний төлөөллийн төв байгууллагынхаа даргыг цагаан гартай хүү байгаасай гэж ард олон хүсэхгүй.
ХЭН Г.ЗАНДАНШАТАРЫН ОРОНД ӨРСӨЛДӨХ ВЭ?
Хамгийн өндөр магадлалтай хүн нь Н.Учрал гэсэн таамаг тархлаа. Түүнийг үнэхээр нэр дэвшигчээр тодруулсан уу, тэр өөрөө нэрээ энд тэнд түгээгээд байна уу гэдэг нь тодорхойгүй.
УИХ-д 2016 оноос хойш тасралтгүй 3 дараалан сонгогдож, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд гэсэн 3 сайдын суудалд тухалж үзсэн. Дэндүү олон хүний яаж ч зүтгээд, зүүдлээд хүрч чадаагүй өндөрлөг рүү гэрлийн хурдаар өгсөж яваа түүнийг агаарын тээврээр түгжрэлгүй өргөж байгаа хүн нь Ерөнхийлөгч. Гадаадад эмчлүүлж байхад нь Н.Учралыг У.Хүрэлсүх эргэж очсон байдаг. Тэр тухай Н.Учрал “Бусдын зовлонг ойлгодог, ард олныхоо амьдрал дундаас төрсөн Ухнаагийн Хүрэлсүх та энэ улсын аав байхад бүрнээ нийцнэ. Ард иргэдийг ялгадаггүй, ачлал хайраа тэгш хүртээдэг эрхэм чанар түүнд бий” хэмээн У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь сонгуулийн сурталчилгааны нээлтэн дээр хэлсэн удаатай. Тэднийг хуурай ах дүү юм уу гэтэл тэлсэн эцэг хүү байсан юм билээ.
Олон хүнд ганц нь ч олдоогүй асар том албан тушаалыг 3-аар нь давхарлаад зүүчихсэн байгаа биз дээ
Ямар ч байсан Н.Учрал одоохондоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр шиг толгой мэдэж, амаа авч давхиагүй л байна. Харин ч Х.Баттулгыг Төгрөг нуурын ордоор нь балбаж, Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцруулах товчлуурыг хамгийн түрүүнд дарж, дээрээс ирсэн зааврыг яг таг биелүүлж явсаар хүрсэн албан тушаалыг нь хар л даа, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд. Олон хүнд ганц нь ч олдоогүй асар том албан тушаалыг 3-аар нь давхарлаад зүүчихсэн байгаа биз дээ.
Н.Энхбаяр, М.Энхболдын хаанчлалыг дуусган, Л.Оюун-Эрдэнийн хоншоорыг тас цохиж, Д.Амарбаясгалан-Л.Оюун-Эрдэнийн хоршлыг эвдэж чадсан том ах энэ удаад нэрэн дээрээ түдгэлзсэн ч нидэр дээрээ удирдаж яваа намынхаа даргаар хэнийг тавихаа хэнээр ч заалгахгүй. Аливаа албан тушаал хуваарилах болоход Ерөнхийлөгчийн халаасанд нэрээ хийхийг хүсдэг зөндөө хүн байдаг ч хийж чаддаг нь цөөн. Г.Занданшатарын араас сүүлийн үед залгаж явдаг нэр Н.Учрал болсон.
Уг нь Н.Учрал Ерөнхий сайд болохыг хүссэн ч 2-рт яваагаа мэдэж, 1-рт бичигдэхийн тулд янз бүрийн юм хийсэн дуулддаг. Г.Занданшатарын гэр бүлээс гадуурх явдлыг нь дэлгэсэн, ЖДҮХС-гаас аавынхаа “Хүннү” компаниараа 950 сая төгрөг, Хөгжлийн банкнаас 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан, MCS-ээс 300 саяын хандив авсан гээд элдэв асуудалд холбогдсон. Албан тушаал ахих тусам хөрөнгө, орлого нь нэмэгдсээр байгаа түүнийг МАН-ын дарга болговол “Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлнэ” гэсэн Г.Занданшатарын тунхаглалтай тохирохгүй нь дээ.
