Мөс цөмөрч, 3 машин живээд байна


Гол, нуурын мандал дээр битүү мөсөн бүрхүүл тогтсон ч дээгүүр нь явган болон машинтай зорчихоор зузаарч хөлдөөгүй байна. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн 2 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Тодруулбал:

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг дахь Цэнгэл нуурын мөсөн дээгүүр 6 зорчигчтой 3 машин нууран дээгүүр явж байтал мөс цөмөрчээ. Тэдгээр машинд байсан хүмүүс аюулгүй газарт эсэн мэнд гарч чадсан бол 2 машин нь живсэн байна. Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар очиж, нуурын эргээс 10 метрийн зайнаас “Киа бонго-3” загварын ачааны машиныг татан гаргалаа.

Нуурын эргээс 280 орчим метрийн зайд “Тоёота пробокс” загварын суудлын машин живсэн байна. Түүнийг татан гаргахаар ажилласан боловч нуурын мөс хэт нимгэн байгаа тул татан гаргах ажиллагааг түр зогсоожээ.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутгаар урсах Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын машин голд цөмөрч оржээ. Машинд зорчиж явсан иргэд аюулгүй газарт эсэн мэнд гарсан ч машин живсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид уг машиныг татан гаргав.

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл 23 удаа гол, нуурын мөс цөмөрсөн тухай дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тэд 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 22 иргэний амийг авраад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *