АНУ-д кибер гэмт хэргийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Орос хакерыг Тайландын Пхукет арлын амралтын газраас баривчилсан талаар орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ. Денис Обрезко “Войд Близзард” хэмээх зартай кибер гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдэж байгаа аж. “Войд Близзард” бүлгийг Оросын Кремлийн ашиг сонирхлоор хакерын халдлага явуулдаг гэж “Майкрософт” компани мэдэгдсэн байна.
35 настай Денис Обрезко нисэх онгоцоор Тайланд улсад ирээд, долоо хонож байжээ. 11-р сарын 6-нд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Тайландын цагдаа нар хамтарсан ажиллагаа явуулж, түүнийг баривчилсан гэж Тайландын Кибер Гэмт Хэргийн Мөрдөн Шалгах Товчоо мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN
