УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 3 асуудал хэлэлцлээ. АН-ын Үндэсний бодлогын хороо 11-р сарын 21-нд хуралдаж, намынхаа үндсэн дүрэмд оруулах өөрчлөлтийг дахин хэлэлцэхээр болов.
Үүний зэрэгцээ АН 3 хуульд онцгойлон анхаарч, өөрчлөх шаардлагатай гэж үзэн, ажлын хэсэг байгуулжээ. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Д.Батсуурь гишүүнээр ахлуулан байгуулахаар тогтов.
Төрийн албаны тухай хуульд маш олон өөрчлөлт оруулах, шинэчлэх шаардлагатай гэж үзэж, ажлын хэсгийг Ж.Баярмаа ахлахаар болжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ц.Мөнхбат ахлахаар болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байж болохгүй. УИХ гэдэг чинь зөвшилцөл, ойлголцлын танхим. Аль нэг намын эрх ашгийг эрхэмлэж байгаа намын дарга тэнд суух нь парламентат ёсны бэхжилтэд зохистой асуудал биш. Олон улсын парламентын жишгээс харж, хуулийн төсөл бэлтгэж байгаа.
